Залуучуудын “Ажлаа хий” жагсаалаас гаргасан шаардлагын дагуу өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагаас бусад аж ахуйн нэгжүүдийн ажилтан төлдөг НДШ-ийн 50 хувийг он дуустал сар бүр төрөөс буцаан олгох зарчмын шийдлийг Засгийн газар гаргасан.
Тэгвэл өнөөдөр МАН-ийн бүлгийн хурал хуралдлаа.
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. Хуралдаанаар төсвийн тодотголын талаар хэлэлцсэн байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв.
Тэрбээр “2022 оны шинэ хөрөнгө оруулалт 1 их наяд төгрөг төсөвлөж байснаас 502 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хасахаар боллоо. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын 50 хувийг танана. Энэ шийдвэр төсвийн тодотгол батлагдсаны дараа тавдугаар сарын 1-нээс хэрэгжинэ.
Одоо хийх тодотгол дээр байгууллага тус бүрээр тооцож, шийднэ. Хувь хүний төлдөг Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай төсвийн тодотголд тусгасан. Энэ нь төлөөд орж ирсэн шимтгэлийн 50 хувийг буцаан байгууллагын данс руу шилжүүлнэ гэсэн үг.
НДШ-ийн хувь хүний төлдөг шимтгэлээс 50 хувийг буцаан олгохыг бүлэг дэмжиж байгаа” гэлээ.