Монгол шиг тансагладаг улс дэлхийд байхгүй. Бид гоё ганган зүйлд дэндүү татагддаг. Нэгнээсээ л дээр гарах гэсэн бөөн хүсэл. Ямар ч хамаагүй өөрийн боломгүйгээ огт тоохгүй тансаглахыг л тэмүүлдэг улс гэдгийг Японоос ирсэн нэгэн тэрбумтан хэлсэн байдаг. Гудмаар нь дүүрэн том жип машинууд. Багталцахгүй шахам нарийхан замтай мөртлөө битүү түгжрээ. Энэ байдалтайгаар олон жил боллоо. Бүгд дасчээ.
Ард түмний амьдрал бахь байдгаараа. Төрийн өндөр албан тушаалтнууд жип унахгүй л бол хү н биш гэж ойлгодог болсон нь эмгэнэл гэлтэй. УИХ-ын гишүүд дундаас олон удаа сонгогдсон хашир бурхи нарын дундаас Сузуки Жимми гэдэг жижигхээн машин унаад хотын гудамжаар салхи татуулан явж байсан УИХ-ын гишүүн Бат-Эрдэнийг харсан хүмүүс ‘Aрай ч үгүй байлгүй дээ. Аварга маань иймхэн жижигхэн машин унадаг гэж үү’ хэмээн нүдэндээ итгэдэггүй гэнэ лээ. Тэгвэл улс орны санхүү асар хүнд байдалд орж, асар өндөр өрийн дарамтанд орсон өнөө үед улс орноо дампууруулахгүйн тулд чухам яах ёстой вэ гэж төрийн түшээд хэлэлцэж байна. Яг энэ үед жинхэнэ өөрсдөөсөө эхлэх ёстойг хашир гишүүн цагийг нь олж хэлчихсэн нь олны эгдүүцлийг тэртусмаа бандгар жийп унаж, өрөөгөө улам томруулахаар уралддаг дарга нарын эгдүүг хүргэв бололтой. Тэрээр
‘Дарга нарын тансаг хэрэглээг танах хэрэгтэй байна. 300 саяын үнэтэй бандгар ландууд ордны гадаа багтахаа болилоо. Дарга сайдын өрөөг 300-400 саяар тохижуулах уу. Аймгийн дарга, орлогч, нийслэлийн дарга нар, төрийн өмчит компаниудын дарга нарын хэрэглээ хэтэрлээ. Төрийн агентлагуудын барилга байгууламж гэж үнэхээр өндөр зардлаар бүтэж байна. Орчин үеийн классик, олон одтой зочид буудал ч юм шиг. Эндээс таналтаа эхэлье’ хэмээн зоригтойхон дугараад авсан нь цагаа олсон санаачилга буй заа.