УИХ-ын чуулганы 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн үдээс хойших хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжив
Хуралдааны эхэнд хаврын чуулганы завсарлах өдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, А.Бат-Амгалан нарын өргөн барьсан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа дуусч, бүлэг санал дүгнэлтээ нэгтгэсэн учраас уг хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхээр санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Ингээд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Гашуунсухайтын чингэлэг тээвэрлэлт түр зогсжээ
Үргэлжүүлэн Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх бодлогын талаар Ерөнхий сайдын /салбарын яам/ мэдээллийг сонсч байна. Бодлогын баримт бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулав. Цаашдаа эрдэс баялаг, уул уурхайн салбарын идэвхжлийг дэмжихийн тулд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог 3-4 дахин нэмэгдүүлж, хүнд суртлыг багасгаснаар эл салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх, дараагийн том ордуудыг нээн илрүүлэхэд чухал нөлөөтэйг онцлов. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
-УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ: Стратегийн ордуудыг ашиглаж байгаа компаниудын 10 хувийг Хөрөнгийн бирж дээр гаргах, арилжаалах ажил яагаад хийгдэхгүй байна вэ. Нүүрсний үнээс 15 км явдаг тээврийн үнэ чинь өндөр болчихоод байна. Үүнийг яаж шийдэх вэ, бодлого хаана байна вэ. Нефть боловруулах үйлдвэрт хэрхэн түүхий тос татах вэ, хэзээ ашиглалтад орох вэ?
-УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Стратегийн ордуудын тодорхой хувийг иргэд, олон нийтэд хувьчлахыг хуульчилсан. “Эрдэнэт”-ийн хувьд 49 хувь асуудалтай байгаа, удахгүй нэг тийшээ шийдэгдэнэ. Энэ асуудал шийдэгдэх үеэр “Эрдэнэт”-ийн 10 хувийг иргэдэд эзэмшүүлэх асуудлыг давхар ярих ёстой. “Эрдэнэс Тавантолгой” бол 15 хувийг олон нийтэд хувьчилсан байгаа. Нефтийн үйлдвэрийн ажил 2025 онд дуусна.
Хилийн бүсүүдэд чингэлэг тээврийн терминал байгуулах Засгийн газрын тогтоол хэрэгжиж байгаа. Нүүрсний тээвэрлэлт ямар ч хяналтгүй байсныг хяналттай болгох боломж бүрдэж байна. Уурхайгаас хилийн бүс хүртэлх тээвэрлэлтийг уул уурхайн компаниуд өөрсдөө авч байна гэсэн үг. Ингэснээр тээвэрлэлт болон нүүрсний үнэд экспортлогчид хяналт тавих боломжтой болж байна. Гашуунсухайт дээр чингэлэг тээврийн терминал барих ажил дуусч, арваннэгдүгээр сард ашиглалтад орсон. Гэхдээ тээвэрлэлт түр саатсан. Учир нь, Хятадын талтай тодорхой яриа хэлэлцээ хийж байна. Ширээхүрэнд барьж байгаа чингэлэг тээвэрлэлтийн терминалын ажил 80 хувьтай байна. Зарим тоног төхөөрөмж хил дээр гацсан байна. Хятадын ковидын нөхцөл байдлаас бол түр Сэхээ боомт хаагдсан байна.
-УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Оюу толгойгоос жилд хэдэн тонн зэсийн баяжмал гаргаж байна вэ. Далд уурхай ашиглалтад орсноор зэс, алт, мөнгө хэдэн тонноор нэмэгдэх вэ. Тонноор нь нэг бүрчлэн хэлээч. Газрын тосны үйлдвэрийн хүчин чадал яг хэд вэ. Энэ чинь Дарханы зам шиг болчих юм биш биз дээ?
Гүний уурхай ашиглалтад орсноор зэс, алт, мөнгөний агууламж 3 дахин нэмэгдэнэ
-УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Газрын тос боловсруулах үйлдвэр бол жилд 1.5 сая тонн түүхий тос үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа. Түүхий эдийн хувьд 380 орчим сая түүхий тосны нөөцтэй. Ашиглалтын баталгаат нөөц 45 саяас өнөөдрийн байдлаар 9 сая орчмыг ашиглаж, 30 гаруй сая тонн болсон. Ашиглалтын нөөцөө 1.5 саяд хуваавал ойролцоогоор 20 орчим жил түүхий тосоор хангах нөөц бий. Нөгөө талаас сүүлийн үед Петро Чайна Дачин Тамсаг компанийн олборлолтын хэмжээ 1.5 саяд хүрэхгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор Чойбалсангийн эрчим хүчний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Дээр нь гүнийн усны асуудлыг шийдэж, олборлолтыг 1.5 сая тоннд хүргэхээр ярьж байна. Мөн тус компанийн хайгуулын ажил хийж байсан “Давст-31” гэдэг ирээдүйтэй талбайг Газрын тос боловсруулах үйлдвэрт өгсөн. Үүнийг дагаж тус талбайд хайгуул хийх ажлыг эрчимжүүлэх үүднээс гаднын 30 гаруй компанид хүргүүлсэн. Энэтхэг, Оросын компаниудтай хамтран ажиллах талаар санамж бичиг зурсан.
Оюу толгойн хувьд жилд 700 мянгаас нэг сая тонн зэсийн баяжмал гаргадаг. Гүний уурхай ашиглалтад орсноор ил уурхайгаас олборлож байгаа хүдрийн агууламж гурав дахин нэмэгдэнэ. Тэгэхээр өнөөдрийн гаргаж байгаа 700 мянга 2.1 сая тонн болох боломжтой. Алт, мөнгөний агуулга мөн нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар цэврээр тав орчим тонн алт гаргадаг бол энэ тоо 15 тонн болох боломж бий.
-УУХҮЯ-ны газрын дарга Цогтбаатар: Оюу толгойн ил уурхайгаас олборлож байгаа хүдэр 25 хувийн зэсийн баяжмалын агууламжтай. Үүнд 3-5 тонн алт, мөн тэр хэмжээний мөнгө гардаг.