Өнгeрсeн сонгуулиар нэр дэвшигчид “орондоо орох завгүй, орчилдон тэмцэж”, олон нийт сонгогчдод коронаг марттал сурталчилгаа хийсэн нь үнэн. Шинэ Үндсэн хууль үйлчилж эхэлснээс хойших өнгөрсөн 28 жилийн хугацаанд нийт долоон удаа парламентын сонгууль болсон. Гэвч 2016-2020 оны парламент шиг авлига, албан тушаал, ЖДҮ, концесс, xvчингээр “өнгө төрхөө” бүрдүүлсэн парламент Монгол Улсын түүхэнд байгаагүй юм.
ЖДҮ ба ЖДҮ-чид: Нийгмийн эмзэг сэдэв болсон ядуурал, ажилгүйдлийн түвшинг бууруулах гол аргуудын нэг нь ЖДҮ-ийн хөгжил. ЖДҮ-г хөгжүүлснээр дотоодын ажлын байр нэмэгдэж, ажилгүй байгаа залуучууд ажилд орж, өрх орлоготой болно. Гэтэл улс төрчид бага хүүтэй авсан зээлээсээ олсон их орлогоо далд эдийн засаг руу шингээж, улс төрийн хээл хахуульд зарцуулав.
Тухайлбал, УИХ-ын нэр бүхий 49 гишүүн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, олон тэрбумын зээл авсан хэрэгт холбогдон шалгагдсан юм. Тэдний дийлэнх нь нэг бус ББСБ эзэмшиж байсан нь тогтоогдож, авсан зээлийнхээ талаар тойрогтоо ажлын байр нэмэгдүүлэхийг зорьсон, тойргийн сонгогчдоо бодлогоор дэмжсэн гэх мэт тайлбар өгөөд л “молиго үмхүүлсэн”. Ингэснээр иргэдээ тахианы тархитай гэж дорд үзэж, “Засгийн эрх авчихвал ард түмэн юу гэх нь хамаагүй” гэсэн сэтгэхүйгээр МАН асуудалд хандсан нь улсаа, иргэдээ басамжилж байгаа хэрэг мөнөөсөө мөн.
Концессын гэрээ: Концесс бол төрийн үзүүлэх нийгмийн суурь үйлчилгээ, дэд бүтцийг хувийн хэвшил хөрөнгөө гарган барьж, байгуулаад улсад хүлээлгэж өгөх үйл ажиллагаа. МАН-ын бүлэглэл найман концессын гэрээгээр 800 гаруй тэрбум төгрөг та бидний татварт төлсөн мөнгөнөөс хулгайлсан талаар хэвлэл мэдээллээр цацагдаж байлаа. Тодруулбал, ОУВС-гаас авах гэж буй 400 сая ам.доллартай тэнцэх концессын гэрээг нууцаар байгуулсан нь олон нийтэд хэдийнэ ил болсон.
Концессын цоорхойг ашиглах “мэргэжлийн хулгай”
Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржийн нийтлэлээс иш татъя.
Тэрээр “2010 онд батлагдсан Концессын тухай хуульд концессын долоон төрлийг зааж өгсөн юм. Үүнд:
- Барих – ашиглах-шилжүүлэх
- Барих – шилжүүлэх
- Барих – өмчлөх – ашиглах
- Барих – өмчлөх – ашиглах – шилжүүлэх
- Барих -түрээслэх – шилжүүлэх
- Зураг төсөл боловсруулах – барих – санхүүжүүлэх – ашиглах
- Шинэчлэн сайжруулах – ашиглах – шилжүүлэх гэсэн олон төрлийг хуульчлан тусгасан байна
“Засгийн газар төсвийн хөрөнгөөс “барих-шилжүүлэх” концессын төлбөрт 2017 онд 177.7 тэрбум, 2018 онд 82.9 тэрбум, 2019 онд 144.7 тэрбум төгрөг төлсөн бол 2020 онд 323.6 тэрбум төгрөг зарцуулах төсөл өргөн барьжээ” Эндээс нэг зүйл анхаарал татна. Концессын тухай хуульд концессын долоон төрлийг зааж өгсөн байхад зөвхөн “барих-шилжүүлэх” гэсэн ганц төрлийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж ирлээ. Аливаа концесс төсөвт хүндрэл учруулахгүй байх, төсвөөс гарах их хэмжээний зардлыг хувийн хөрөнгө оруулагчдад даатгах, улс орны хөгжил, нийгэмд шаардлагатай бүтээн байгуулалтыг хийх, нийгэм олон нийтийн эрх ашигт хэрэгтэй байгаа эсэхийг эрэмбэлсэн байх гэсэн олон чухал шаардлагууд энд биеллээ олсонгүй. Ийнхүү 2017 оноос хойш төсвийн 728.9 тэрбум төгрөгөөр цөөн хэдэн компанийн концессыг санхүүжүүлэхээр хуульчлагдсан байх юм. Тэгвэл концессын гэрээгээр хийгдсэн бүтээн байгуулалтууд үнэхээр нийгэмд хэрэгтэй, зайлшгүй хийх шаардлагатай ажил байсан уу гэвэл мөн л үгүй гэсэн хариулт өгнө” гэжээ.
Бандааш Д.Гантулгын хэрэг
Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон Д.Гантулга гэмт хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг. Тэрээр 2017 оны зургаадугаар сард 25 настай эмэгтэйг хvчиндсэн хэрэгт холбогдож, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан. УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр ч удаа хvчингийн хэрэгт холбогдсон. Түүнд холбогдох эхний хэрэгт шүүхээс нэг жил 4 сар, хоёр дахь хэрэгт найман сар гээд нийт хоёр жилийн хорих ял оноосон юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх амласандаа хүрсэн үү?: МАН-ын бага хурлын үеэр намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ЖДҮ-д холбогдон шалгагдаж байгаа, хууль зөрчсөн гишүүдийг СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ” гэсэн байр суурийг албан ёсоор илэрхийлж байв. Гэвч уг амлалтандаа хүрээгүй. Таван ямаа хулгайлахад таван жилийн ял оноох тухай хууль баталсан эрх баригчид ЖДҮХС-аас гурван хувийн хүүтэй зээлийг хувааж авчихаад бүрэн бүрэлдэхүүнээрээ дахин нэр дэвшсэн. Үнэндээ “Олгой хагаравч тогоон дотроо, толгой хагаравч малгай дотроо” гэдгийн үлгэрээр өөр хоорондоо учраа олсон бололтой.
МАН-ынхны амьжиргаа дээшээ, харин ард түмнийх доошоо: Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 28.4 хувь байгаа тоо баримт бий. Товчхондоо, гурван хүний нэг нь ядуу буюу өдрийн орлого нь 1.9 ам.долларт хүрэхгүй байна гэсэн үг. МАН-ын эрх барьсан дөрвөн жилд энэ үзүүлэлтэд өөрчлөлт орсонгүй. Ард түмний амьдрал уруудаж, эрх баригчдын амьдрал, дээшиллээ. Авлига бүрэн утгаараа цэцэглэн хөгжив. МАН-ын гишүүд иргэдийн ажилтай, орлоготой болох боломжийг хулгайлж, өөрсдийнхөө халаасыг зузаатган бизнесээ тэтгэсний бодит жишээ ЖДҮХС. Үүнд өөр ямар нэг тайлбар хэрэггүй.
МАН-ынхны хар тамхины наймаа Монголыг дэлхийд шившиглэв: Төр нь авлигад идэгдсэн, эрх баригчид нь иргэдийнхээ боломжийг хулгайлдаг, санхүүгийн систем нь бохир мөнгө дамжуулдаг, дипломатууд нь хар тамхи зөөдөг зэргээс болж, гадаад
ын хөрөнгө оруулагчид Монголоос нүүр буруулаад эхэлчихсэн. “Даарин дээр нь давс нэмнэ” гэгчээр энэ тухай олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас удаа дараа анхааруулж, Монголыг эрсдэлтэй орон шүү гэж дэлхийд зарласаар байна. Өнгөрсөн оны сүүлчээр ФАТФ-аас Монгол Улсыг мөнгө угаах өндөр эрсдэлтэй орон гэж үзээд саарал жагсаалтад оруулсан. Тэр үед эрх баригчид зургаан сарын дотор саарал жагсаалтаас гарчих боломжтой гэсэн ч өнөөдрийг хүртэл гарч амжаагүй л байна. Харин ч нэмээд Европын холбооны хар жагсаалтад орж, санхүүгийн давхар хориг тогтоолгох нь тэр. МАН-ын засаглалын үед Европын холбооноос хоёр удаа Монголыг хар жагсаалтад оруулж байгаа нь энэ. Харин Европын саарал жагсаалтаас ирэх есдүгээр сард гарна гэж дахин амалж байгаа ч итгэхэд бэрх.
Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй: Энэ үгийг монголчууд сайн мэднэ. Өнөөдөр Монгол Улс иргэд нь ядуу, улс нь өрөндөө баригдсан байдалтай байна. Өнөөдөр Монгол Улсын нийт гадаад өр 29.7 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ий 220 хувьтай тэнцэж байна. Тэр өрийг ард түмний, татвар төлөгчдийн мөнгөөр төлнө. Удаан хугацааны хорио цээрээс болоод эдийн засаг улам хэврэгшиж, орлогогүй, ажилгүй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр. Өрхийн өр сүүлийн зургаан жилд эрс нэмэгдэж ДНБ-ий 40 хувьд хүрлээ. Өрх гэр бүл, хувийн хэвшил, улс аль нь ч ялгаагүй бүгд өрийн дарамтанд байгаа. Засгийн газрын өр ДНБ-ий 73 хувьтай тэнцэж байна.
Үлгэр жаргаж төгсдөг байхад бид яагаад зовоод байна вэ?: Xvчин, хүн амь, авлига, албан тушаал, хулгайн гээд бүхий л муу муухай хэрэг өнгөрсөн парламент дотроос, шулуухан хэлэхэд МАН-аас гарсан. Намын дарга нь “сэлэм эргүүлээд” ч дарж чадаагүй. Анхнаасаа Намын дарга У.Хүрэлсүх хэлсэндээ хүрч, сүх шиг чигээрээ загнасан бол байдал арай иймдээ тулахгүй байсан биз. Тийм ээ, У.Хүрэлсүх та хэлсэндээ хүрч чадаагүй гэмтэй. Та үлгэр ярьсан. Бид итгэсэн. Уг нь үлгэр жаргаж төгсдөг ч жирийн сонгогч бид зовсоор.
Товчхон сануулахад, иргэн бүрт “Эрдэнэс Таван толгойн”-н ногдол ашиг өгнө гэсэн үлгэр болсон. Дарханы замыг даруйхан барьж дуусгана гэсэн талаар болж, одоо тэр зам там болж, эрдэнэт хүний амь насны үнэтэй болсоор бас л үлгэр болов. Ямаанд мөнгө өгнө гэж малчдын чихэн дээр цэцэг ургуулаад эцэст нь салбар хариуцсан сайд Ч.Улаан нь уучлалт гуйсан болж, дараачийн үлгэр жаргах нь тэр. Түүнчлэн Улаанбаатар кабель car-тай болно гэж, төв цэвэрлэх байгууламжийг төгс болгосноор бохирын үнэрээс ангижирна гэж, нефть боловсруулах үйлдвэр барьж, шатахууны үнийг буулгана гэж, Төрөө ЖДҮ-чдээс салгаж, авлигачдаас цэвэрлэнэ гэж, өргөн хэрэглээний барааны үнэ тэр тусмаа монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон махны үнэ өсөхгүй гэж зөндөө сайхан үлгэр ярьсан. Бид итгэсэн. Харин та үлгэрээ төгсгөөгүй болохоор бид жаргаагүйг ойлгож байна.
Дахин сануулахын учир өнөөдөр ээлжит бус чуулган зарласан учраас эргүүлэн сануулах гэсэн хэрэг.
Сэтгүүлч: НАМСРАЙН САРАНЧИМЭГ