УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаанаар Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцсэн.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.
Тэрбээр “Гишүүд төдийгүй ард түмэндээ үнэн бодит байдлыг хэлэх хэрэгтэй байна. Дэлхийн дахины байдал хурцадмал, зарим орны судлаачдын хэлснээр дайны байдалтай байна. Эдийн засгийн хориг худалдаа, санхүүгийн үйл ажиллагааг хумьснаар дэлхий даяар үнэ өсөж байна.
Өмнө нь цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй тээвэр ложистикийн хямрал нүүрлэж байсан бол дайны нөхцөл байдал хүндрэл бэрхшээлийг улам нэмж байна.
Монгол Улсын хувьд дэлхийн эдийн засгийн харилцаанаас тодорхой хэмжээгээр таслагдаж, үнийн өсөлт нүүрлэсэн нь дотоод бус гадаад хүчин зүйлээс шалтгаалж байна.
Засгийн газар бүхнийг чадагч бурхан тэнгэр биш. Төсөв мөнгө хязгаартай. Ийм учраас нийт ард иргэд маань хэмнэлтийн горимд шилжиж дэлхий даяар болж байгаа үйл явдлын Монголд туссан сүүдрийг бодитоор ойлгох хэрэгтэй байна. Манай улс төрийн хүчнүүд ч энэ байдлын хэт улстөржүүлэхгүй асуудалд бодитоор хандаж, гадаад харилцааны олон тулгуурт бодлогыг хүндэтгэн, хамтын хүчээр нэгдсэн ойлголттой байж энэ бэрхшээлийг давна.
Дэлхий даяар донсолгоотой байгаа энэ үед дотроо бужигнаад нийгэмд буруу зөрүү ойлголт өгөхгүй байхыг хүсэж байна” гэжээ.
Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар эсрэгээрээ 2020 оны УИХ-ын 42 дугаар тогтоол гаргаж түүгээрээ тамгын газрын дарга нарынхаа цалинг ИТГЭЛЦҮҮР нэрээр нэмсэн байна.
Тодруулбал, энэ тогтоолоор ЕТГ, УИХ тамгын газар, ЗГХЭГ дараа нь яамдын дарга нар бүгд цалингаа итгэлцүүр нэрээр 50-270 хувиар нэмжээ.
Итгэлцүүр гэдэг нь үндсэн цалинг итгэлцүүр гэх тоогоор ҮРЖҮҮЛЭЭД, үндсэн цалин дээрээ нэмж авна гэсэн үг. Жишээ нь, УИХ-ын даргын үндсэн цалин 2,0 сая төгрөг гэж бодоход, үүнийгээ 3,03-аар үржүүлнэ. Тэгээд үндсэн цалин болох 2,0 сая дээрээ нэмж авна гэсэн үг.
2,000,000+2,000,000×3,03=8,060,000 төгрөг. Үүн дээрээ удаан жил, онцгой нөхцөл, зэрэг дэв, нууцын гээд нэмэгдлүүд нь орж ирнэ.