ЗГХЭГ-ын дарга Оюун-эрдэнэ төрийн албан хаагчдын тоо буурсан хэмээн мэдэгдсэн нь олны эгдүүцлийг төрүүлэв бололтой. Мань улс төрч мэдээлэлгүйдээ төрийн албан хаагчдын тоог бууруулж хэлэв үү, эсвэл мэдсээр байж дарж хэлэв үү ‘Төрийн албан хаагчийн тооны динамик мэдээллийг манайх мэдэхгүй’ гэлээ. Угтаа өрийн албан хаагчийн тооны динамик өөрчлөлтийг цаг тухайд нь ЗГХЭГ-т мэдэгдэж байх ёстой.
Цар тахалын үед Монгол улс ч гэлтгүй дэлхийн бараг бүх орон ‘бүсээ чангалж’ байгаа гэдэг ч хэрэг дээрээ өнгөрсөн гурван жилд буюу МАН-ыг Засаг барих үед 10 мянга орчим хүнийг төрийн албанд шинээр ажилд авчээ. Өөрөөр хэлбэл 2019 оны наймдугаар сарын байдлаар төрийн албан хаагчдын тоо 198 мянга 463 болж өссөн байна.
Төрийн албанд Засаг солигдох бүрээр хөдөлгөөн орж, нэг байгууллагад мэргэшсэн төрийн албан хаагч тун цөөхөн. Дийлэнх нь мэргэжлийн бус дарга, сайд нарын танил талын хүмүүс. Ажил хийдэг, ажлаа мэддэг нь бас л цөөхөн байдаг нь бичигдээгүй хууль болжээ. Төрийн албаны хүнд суртлыг жинхэнэ утгаар нь бий болгогчид өдөржин ширээ бөглөж, төсвийн мөнгөнөөс зүгээр хүртэж байна гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Төрийн албанд л орчихвол хэдэн жил ч гэсэн амьдралын баталгаа, нийгмийн хангамж сайтай гэж хошуурна. Төрийн данхар бүтцийг цөөлөх цаг нь хэдийнээ болжээ. Төсвийн мөнгө уйлахгүй ч ачааны хүндийг үүрч буй ард түмний нуруу өвдөж байна, Ерөнхий сайдаа.