Парламентийн гишүүд дундаа хөрөнгөөрөө дээгүүрт ордог ч хүний хүсэл, шунал барагддаггүйн үлгэрээр үнээний фермдээ ЖДҮ-гээс санхүүжилт авсан нь түүнийг 2020 онд нэр дэвших визгүй болгосон. Угтаа БЗД-ээс УИХ-д сонгогдсон, төрөлх Говь-Алтай аймгаас нэр дэвшсэн ч ногоон гэрлээр гарах магадлалтай бүр ерөнхий сайд болох магадлалтай, ирээдүйтэй улс төрч хэмээн түүнийг хашир улс төрчид үнэлдэг байсан цаг.
Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг дээ тиймхэн юмнаас болж ийм сүрхий асуудал үүсч улс төрийнх нь ирээдүйд том хаалт, саад болно гэж мань эр тооцоолоогүй нь лавтай. Ямар сайндаа намаас нь түүнд сайдын квот ч олгохгүй байгаа нь тэрээр буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээхийн үлгэрийг харууллаа.
Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр УИХ-ын гишүүн ч үгүй, сайд ч үгүй гоц мөргөсөн Ж.Энхбаяр ‘Эрдэнэс Монгол’ ХК-ийн захирал болчих санаатай ‘эм’ найруулж эхэлжээ. Уг нь Ж.Энхбаярыг улстөрд гайгүй сайн кандидат болно хэмээж байсан ч ирээдүйн боломжоо ЖДҮ-гээр сольж, эдүгээ намын даргынхаа үүдийг сахиж, утас цохин төрийн өмчит газрын ч болтугай дарга болчихвол дараагийн сонгууль хүртэл хийх ажилтай л явах юм даа.