Намууд сонгуульд хэнийг сойх вэ гэдэг нь ёстой л нэг шүдний өвчин болдог байх. Ямар сайндаа олон хүн таньдаг гээд зодог тайлсан бөх, дуулахаа больсон дуучин, харьж яваа загвар өмсөгч гээд л сонирхолтой жагсаалт гардаг. Бөхчүүд Саарал ордонд суудаг мода дэлгэрээд байгаа. Нэрлээд байх шаардлагагүй. Бүгд л мэднэ. Одоо энэ байдал өөрчлөгдөж, телевизээр нэвтрүүлэг хөтөлдөг нөхдүүдийг ч сонгуульд өрсөлдүүлж, нөгөөдүүлийг нь сонгогчид сонгочихдог болж.
Нэгэн цагт залуусыг байлдан дагуулж явсан хамтлагийн дуучид ээлж ээлжээрээ газрын дарга болоод, “тонгочиж” явсныг бид мартаагүй л байгаа. Зохиолын дуучид ч энд тэнд төрийн байгууллагын дарга, захирал хийгээд гүйлдээд байна. Хэдхэн жилийн өмнө миссүүд дарга болоод л хэл, ам татлаад байсныг хүн бүр л санах байх. Төрийн өмчит үйлдвэр, компанийн дарга, удирдлагын суудал ердөө л шагналын баярын бичгийн л үнэтэй болчихсон. Хэн нэгэн том даргын ах, дүү, хамаатан садан, найз нөхөд, нэг фракцын хүн, эсвэл янаг амраг нь тэр ‘баярын бичиг’-ээр шагнуулдаг болсон.
Одоо бүр сүүлдээ нэг загвар өмсөгч Шадар сайдад зөвлөх юм гэнэ. Гэр улсаа ч төвхнүүлж чадаагүй, эхнэр хүүхдээ орхисон гэх хэл аманд орооцолдож яваа загвар өмсөгч төр төвхнүүлэх хэрэгт оролцож, зөв зөвлөгөө өгч чадах уу. Ердөө л НАМЗХ-ны харьяалалд байдаг гэдгээрээ л зөвлөх болчихсон юм шиг харагдаад байна.
Нэг зүйлийг хэлэхэд, төрд ажиллаж байгаа бөх ч, дуучин ч, мисс ч, загвар өмсөг ч бай, тэднийг хамгийн муу, боловсролгүй гэж хэлэх гэсэнгүй. Тэд тодорхой хэмжээний боловсролтой, мэдлэгтэй, чадвартай нь мэдээж. Харин ганцхан үнэн зүйл байгаа нь тэднээс хэд дахин илүү чадвартай, боловсролтой, туршлагатай залуучууд, хүмүүс Монголоор дүүрэн байгаа. Нэг үгээр хэлбэл, хамгийн чадварлаг хүмүүс нь төрд ажиллаж чадахгүй байна. Зүгээр л хэн нэг даргатай фракц нэг бус байсныхаа төлөө. Харин тэдний оронд зүгээр л нэг загвар өмсөгч зөвлөж, нэг дуучин хамгийн чухал төрийн албанд ажиллахаар Монголын хөгжөөгүйн нууцын томъёолол болчихож байгаа хэрэг биш үү.