УИХ-н ээлжит сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж Засгийн газрын тэргүүнээр урьд өмнө байгаагүй өндөр рейтингтэй хэмээн У.Хүрэлсүх улиран сонгогдсон. Тэгвэл шинэ ЗГ-н гишүүдээ мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлсэн гэх ЕСайдын сонголтонд улс төрийн хүрээнийхэн эсрэг тэсрэг байр суурьтай үнэлгээ өгч байна.
Шадар сайдын албан тушаалд УИХ-н гишүүн асан Я.Содбаатар сонгогдсон нь ч чамгүй хэл ам татлаж эхлээд байна. Тэгвэл түүний зөвлөхөөр модель, жүжигчин О.Мөнхдалай гэх залуу томилогдсоноо сошиалаар нэг зарлаж үнэмлэхний зургаараа ‘гайхуулаад’ авлаа.
Монголчууд ‘биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас’ гэдэг ард түмэн. Шадар сайдын зөвлөхөөр томилогдоод буй Мөнхдалай нь өмнө эхнэр, гурван хүүхдээ хаян дуучин Хишигдалайтай хамтран амьдардаг гэх бор шувуу нисч эхэллээ. Мөн түүний боловсрол, мэдлэг, төрд ажилласан туршлага ч хангалтгүй гэж олон хүн шүүмжийн үг чулуудаад байна.
Шадар сайдын алба нь Улсын онцгой комиссыг ахалж, Онцгой байдлын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандарт, хэмжил зүйн газар гэсэн агентлагууд шууд удирдлагад нь байдаг. Иймд шадар сайдад зөвлөх хүн нь энэ чиглэлийн мэргэжил, туршлагатай хүн байх нь зөвд нийцнэ. Ямартай ч шадар сайдын сонголтыг энд хүндэтгээд зөвлөх залууд дүгнэлт хийхээ түр азная. Сайн ажиллах эсэхийг цаг хугацаа л харуулна.
Түүнийг тус албан тушаалд очиход МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/ багагүй нөлөөлсөн байж болзошгүй байна. Учир нь тэрээр тус холбоонд харьяалагддаг ажээ. Тус холбооноос МАН-ын зарим гишүүд улс төрийн амьдралаа эхлүүлсэн гэдэг. Тухайлбал, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга зэрэг олон залуусыг дурдаж болно.