Ч.Хүрэлбаатар сайд Солонгосын ‘Ганнам дүүрэгт 3 хаустай’ гэсэн мэдээлэл нийгмийн сүжлээгээр ид шуугиан тарьж байна. Энэ нь хэрэв үнэн бол маш том сенсаци болох нь мэдээж. Энэ засгийн газрын хамгийн нөлөө бүхий эрхэм, Монгол улсын санхүүг гардаж удирдаж буй эрхэм асар том авилгын хэрэгт орооцолдвол жинхэнэ гамшиг гэдэг нь тэр болох буй заа.
Бусад хэн ч танихгүй, улс төрийг ойлгохгүй сайдууд бухимдалтай байгаа гишүүдийн “тоглоом” болоод дуусна. Ийм өнцөгөөс харвал МАН-ын асар өндөр байгаа нэр хүнд шударга ёсны асар том сорилттой шууд нүүр тулж эхэлнэ гэсэн үг.
Харин энэ талаар сангийн сайд Ч.Хүрэлбаатар сайд ‘Төрүүлсэн эхийгээ худалдахад бэлэн, урьдчилгаа төлбөрт нөхцлөөр сүнсээ худалдчихсан хэдэн ‘хумснууд’ Хүрэлбаатар сайд Ганнам гэдэг газар 3 хаустай гэсэн гүтгэлгийг хуурамч хаягаар эхэлж тавиад баахан сэвцгээжээ. Мөнгө төлөөд спонсордчихжээ бас.
Сонгуулийн синдром дууссан гэж бодсон юмсан, дараагийн төлбөр хийгдээд намайг муулах, харлуулах ээлжит компанит ажиллагааг эхэлчихсэн үү? Ганнам байна уу, Жаннам байна уу, Чаннам байна уу хамаагүй тэнд чинь хаус битгий хэл ууж байгаад дутуу орхичихсон ус ч байхгүй. Гүтгэхгүйгээр амьдарч чаддаггүй ‘хумснууд’ шар хаданд очиж эмчилгээ хийлгэцгээнэ үү’ хэмээн хатуухан тайлбар өгчээ.
Үүний эсрэг эрэн сурвалжлахын сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: ‘Сангийн сайдын талаарх эрэн сурвалжлага эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дунд үргэлжилж буйг дахин сануулья. Хаашаа зайлах вэ дээ гарцгүй шд. 3 жилийн өмнөөс эхэлсэн’ хэмээн зөрүүлж постлов.
Энэ үйл явдал мэдээж удаан хугацаанд өрнөнө. Үүнд нөлөө бүхий улс төрчид оролцсон бол Ганнам дүүрэг дэхь тансаг орон сууцны талаарх гартаа оруулж авсан баримтуудыг шууд гаргаад эхлэх нь гарцаагүй. Баримт ингэж тодорхой болбол үйл явдал санаснаас ч хурдан өрнөх магадлалтай юм. Ийнхүү шинээр байгуулагдсан Засгийн газрын нэр төр, бүрэн бүтэн байдал, оршин тогтнох хугацаатай шууд холбоотой шинэ асуудал босч ирлээ.