Улаанбаатар хотын төв болон ойр орчмын газар эрх мэдэлтнүүдийн бизнес болсон тухайг бид өмнө нь мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, хотын А зэрэглэл болон өнгөтэй өөдтэй газруудыг эрх мэдэлтнүүд авч, маш их хэмжээний мөнгө болгосон гэсэн үг.
Тэдний нэг нь НИТХ-ын дарга Р.Давга. Тэрбээр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо буюу Удирдлагын академийн замын эсрэг талд байрлах нийтийн эзэмшлийн талбайг Су.Батболдыг 2018 онд Нийслэлийн Засаг дарга байх үед нь авч, өөрийн болгож 300 сая төгрөгөөр ‘Хурд’ группт зарсан гэх асуудал. Өөрөөр хэлбэл, Р.Дагва НИТХ-ын дарга болохоосоо өмнө дээрх газрыг авсан гэсэн үг. Мань хүн нийтийн эзэмшлийн талбайг чухам ямар шугамаар, ямар тохироогоор Су.Батболдоос авсан бэ гэдэг нь мэдээж нууц. Угтаа бол Су.Батболд тухайн газрыг нийтийн эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж Р.Дагвад өгсөн нь анхаарал татаж байгаа юм.
Нэгэнт бусдад олгогдож болохгүй тусгай хэрэгцээт буюу нийтийн эзэмшлийн газрыг Су.Батболд яагаад Р.Дагвад өгөх болов гэдгийг хууль хяналтынхан шалгах ёстой болов уу. Учир нь нийтийн эзэмшлийн газрыг эрх мэдэл албан тушаалаараа дулдуйдан авсан Р.Дагва даргын шуналаас болж тухайн орчны оршин суугчид нарлаж, салхилах талбайгүй болон хохирч байгаа нь иргэдийн ая тухтай, амгалан тайван амьдрах нөхцөлийг хөндсөн ноцтой асуудал.
Яг үнэндээ нийтийн эзэмшлийн талбайг өөрийн болгож бусдад өндөр үнээр зарж байсан хүн одоохондоо тодроогүй байгаа. Гэтэл улсад данстай иргэдэд хамааралтай энэхүү газрыг Р.Дагва өөрийн болгож өндөр үнээр зарж иргэдийн таатай амьдрах орчныг устгасан нь яалт ч үгүй гэмт хэрэг. Тиймээс өөрийн болгохоос эхлээд л хууль зөрчсөн энэхүү үйлдлийнхээ ард тухайн газрыг хэдэн төгрөгөөр ‘Хурд’ групп, намын нөхөр Б.Чойжилсүрэнгийн эзэмшилд өгөв гэдгийг хуулийнхан шалгах хэрэгтэй хэмээн дахин дахин анхааруулж, сануулж буй юм.
Хэдийгээр өнөөдөр энэхүү газрын талаарх мэдээлэл зарим хэвлэл мэдээллээр гарсан ч эзэн нь яг хэн бэ гэдгийг тогтоож чадаагүй. Бид энэхүү газрын эзэн хэн бэ гэдгийг эрэн сурвалжлахад Р.Дагва даргын нэр гараад ирсэн юм.
Мөн Хотын дарга асан С.Амарсайхан УИХ-ын сонгуулийн өмнө буюу гуравдугаар сарын 06-ны өдөр тухайн газрын оршин суугчидтай уулзахдаа ‘Энэ газрыг хэн нэгэнд болон хувийн компанийн эзэмшилд олгохгүй. Тохижилтын ажлыг хийж иргэд олон нийтийн эрхийг хамгаална’ хэмээн ярьж байсан ч энэ нь ажил хэрэг болоогүй.
Өөрөөр хэлбэл, Хотын даргын суудлаас УИХ-ын гишүүний сэнтийд заларсан С.Амарсайхан энэ газрыг хэн гэдэг эрх мэдэлтэй дарга авсныг нь мэдсэн хэрнээ газрыг тухайн үед цуцлалгүй иргэдийг хошгоруулаад өнгөрсөн гэсэн үг. Уг нь тэр үед С.Амарсайханд Р.Дагвын зарсан энэхүү газрыг цуцлах эрх нь хангалттай байсан ч тэрбээр иргэдэд худлаа ярьж ийнхүү өнөөдөр ургаж гүйцэж байсан моднуудыг үндсээр булга татах боломжийг нь ‘Хурд’-ынханд олгож ийнхүү барилга бариулах суурийг нь тавьж иргэдийн эрхэнд ноцтойгоор халдсан гэсэн үг.
Хэрвээ уншигчид санаж буй бол С.Амарсайхан хотын дарга болсон даруйдаа Сүхийн талбайг хувийн компаниас хураан авч газрынх нь эрхийг цуцлаж нийтийн эзэмшлийн талбай болгож байсан. Яг ийм замаар 300 сая төгрөгөөр ‘;Хурд’ группт зарагдсан иргэдийн амарч зугаалдаг талбайг хуучнаар нь авч үлдэх боломж байсан ч тэрбээр Р.Дагвынх гэдгийг мэдсэн учраас хүсээгүй гэж ойлгож болно.
Ямартай ч нийтийн эзэмшлийн зам талбайг ихээхэн хэмжээний мөнгөөр арилжсан Р.Дагвын энэ асуудлыг хуулийнхан анхааралдаа авч энэхүү газрын цаана чухам ямар тохироо, наймаа хийгдсэн бэ гэдгийг тогтоох хэрэгтэй болов уу.
Эх сурвалж: erennews.mn