Өнчирч хоцорсон есөн дүүгээ болон өөрийн охиноо өсгөж яваа 21 настай Б.Ариунболорт АНГУУЧ З өрөө байр бэлэглэжээ гэсэн мэдээлэл өнгөрөгч Баасан гаригт цахим орчинд цацагдсан. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр гэгээлэг мэдээг үгүйсгэх, харлуулах мэдээллүүд цацагдаж, иргэдийг төөрөгдүүлсэн учраас хандивын аяны талаар Ангууч болон Х.Мөнхжин нар цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Анх Б.Ариунболор түүний есөн дүүг байртай болгох сайн үйлсийн аянг мөрөөдөл группийн админ Дука эхлүүлжээ. Дукагийн аянд нийт 27 сая төгрөг цугларсан бөгөөд түүн дээр нэмж Ангууч, Мөөгий болон Х.Мөнхжин нар “Almighty” арга хэмжээг зохион байгуулж тус арга хэмжээнд цугларсан мөнгийг 100 хувь түүний байранд зарцуулахаар болсон. Энэхүү аяныг долдугаар сарын 29-ны өдөр буюу Ангуучийн төрсөн өдрөөр зохион байгуулсан гэдгийг мэдэхгүй хүн ховор байх. Харин тэрхүү аянд оролцож байсан Ангууч, Мөнхжингийн найз Даваадорж овогтой Давааням энэхүү арга хэмжээнд хэдэн төгрөг ч цугларсан бай, найзуудынхаа эхлүүлсэн сайн үйлсийн аянг дэмжиж есөн дүүгээ өсгөж яваа Б.Ариунболорт Сөүл Гарден хотхонд гурван өрөө байр авах эрх бэлэглэхээр болсон байна. Түүний бэлэглэсэн байр энэ оны 11-р сард ашиглалтад орох бөгөөд удахгүй байрны батламжийг гардуулахаар болжээ.