3Г-ын 2020 оны 7 сарын 29-ний өдрийн хуралдаанаар цэцэрлэг, ЕБС-ийн хичээлийг есдүгээр сарын 1-нээс, МСҮТ-ийн хичээлийг есдүгээр сарын 14-нөөс, их, дээд сургуулийг аравдугаар сарын 5-наас танхимаар хичээллүүлэхээр болсон. Харин есдүгээр сарын 1-нээс бүх шатны сургалтын байгууллагын хичээл цахимаар орж эхлэх юм. Уг шийдвэрийг дагаад дотуур байрны асуудал яригдах нь зүй.
Есдүгээр сарын 1-нд онлайн хичээл эхлэх тул хөдөө орон нутгийн оюутнууд дотуур байранд бүртгүүлэх, хичээлийн бэлтгэл хангахаар их хотыг зорин ирнэ. Гэвч энэ жил дотуур байранд оюутнуудыг авах уу, авах бол ямар зохицуулалт хийх талаар мэдээлэл дутмаг байна.
Бид БШУЯ-ны дээд боловсрол хариуцсан мэргэжилтэн Ш.Цэндболдоос энэ талаар тодрууллаа.
Тэрбээр “Оюутны байранд оюутнуудыг ямар зохицуулалтаар авах талаар Боловсрол шинжлэх ухааны сайд, мэргэжилтнүүд зөвлөлдөж байгаа. Бидэнд одоогоор мэдээлэл ирээгүй байна. Энэ долоо хоногийн сүүлээр тодорхой болгож, нийтэд мэдээлнэ” гэсэн юм. Бид цаашлаад Нийслэлийн Баянзүрх дүүрэг Арслантай гүүрний замын урд байрлах “Оюутны өргөө” цогцолборт очлоо. Энэхүү цогцолбор нь 2013 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр албан ёсоор нээгдэж оюутан суралцагчдыг хүлээж авахад бэлэн болсон бөгөөд А, Б 2 блок юм. “Оюутны өргөө II” байранд очиход хаалга нь түгжээтэй байлаа. Тогшвол үүдний жижүүр ах хаалга нээн ямар хэргээр явааг лавлалаа. Түүнийг Л.Нямаа гэдэг аж. Тэрбээр “Би амарч орж ирээд гурван өдөр жижүүрлэж байна. Маш олон эцэг эх, оюутан асууж байна. Би байрны багшид оюутнууд болон эцэг эхчүүдийн асуултыг уламжилсан. Байрны үүдэнд хэзээнээс хэрхэн бүртгэх талаар мэдээллийг энэ долоо хоногтоо багтааж хадах байх” гэлээ.
Бид цаашлан “Оюутны өргөө I” байранд очиж Байрны менежер Н.Одгэрэлтэй уулзлаа.
Тэрбээр “Яамнаас ямар нэг шийдвэр гараагүй бололтой. Одоохондоо бидэнд ямар ч тушаал ирээгүй байна. Энэ зун байранд оюутнууд байгаагүй. Багш, ажилчид ажилласан. Намар оюутнуудаа хүлээж авахад бэлэн. Гуравдугаар сард байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Есдүгээр сард оюутнуудаа байранд авахаар бол наймдугаар сарын сүүлээр ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдэнэ. “Оюутны өргөө” цогцолбор МУИС, ШУТИС, Этүгэн, Их засаг сургуулийн оюутнуудыг авдаггүй. Нийт 960 оюутан хүлээн авах хүчин чадалтай. Хэрэв нэг өрөөнд хоёр оюутан авахаар зохицуулалт хийгдвэл 480 оюутан авна гэсэн үг. Энэ жилийн тухайд дандаа оюутан авна” гэсэн юм.
ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ОЮУТНЫ ДОТУУР БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЭНЭ ЖИЛИЙН БАЙРНЫ ТӨЛБӨР РҮҮ ШИЛЖҮҮЛНЭ
Харин коронавирусийн халдварын улмаас энэ оны нэгдүгээр сард ЕБС, их дээд сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 51 дотуур байр оюутнуудаа гаргасан юм. Улмаар төгсөх ангийн оюутнуудад байрны төлбөрийн зохих хувийг төгсөхөд нь олгосон. Харин нэг, хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудын төлбөрийн зохих хувийг ирэх жилийн байрны төлбөр рүү шилжүүлэхээр болсон юм. Хэрэв оюутнууд энэ намар оюутны дотуур байранд суухгүй гэвэл байрны төлбөрийн зохих хувийг сургалтын төлбөр рүүгээ шилжүүлэх боломжтой юм. Энэ талаар бид дөрөвдүгээр сард БШУЯ-ны дээд боловсрол хариуцсан мэргэжилтэн Ш.Цэндболдоос тодруулж, мэдээлсэн билээ.