Өнөөдөр Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх тангараг өргөж, албан ёсоор бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Тэрбээр тангараг өргөх үеэрээ туг мандуулж яваа гурван морьтон бүхий дүрслэлтэй малгай өмссөн.
Малгайн уг дүрслэл, чимэг нь төдийлөн түгээмэл бус шинжтэй бөгөөд зориудын сонголт гэмээр харагдана. Монгол гэр, цэрэг жагсаалаа эл гурван морьтон тэргүүлж байна. Үүгээр ҮАБЗ-ийн гурван гишүүнийг бэлгэдэв үү гэлтэй.
Үнэхээр Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдрөө шууд тэрбээр ҮАБЗ-ийн хурал зарласан. Мөн зөвлөл өдгөө МАН-ын гишүүдээс дан бүрдэж, нэгдмэл статусаа чангалж авлаа. Ерөнхийлөгчийн бүрэн эрх нэлээд хязгаарлагдмал хүрээнд байдаг тул ҮАБЗ-өөр дамжуулж, зарим бодлого, зорилтоо хэрэгжүүлэх боломжтой байдаг. Энэ ч үүднээс Ерөнхийлөгчийн хувьд энэ нь их чухал агуулга юм.
Түүнчлэн Х.Баттулгын Ерөнхийлөгчөөр ажилласан сүүлийн хугацаанд ҮАБЗ хуралдаагүй. Нэг үгээр гишүүд нь өөр, өөр байр суурь дээр зогсож, нэгдмэл ажиллаж чадахгүй байсан юм. Энэ байдлыг У.Хүрэлсүх “Эв нэгдэл юун түрүүнд чухал” гэсэн агуулгаар онцлон тодотгож байсан билээ.