Улс оронд нүүрлээд буй зудын нөхцөл байдал хүндэрснээс үүдэн УОК өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос өдөр бүрийн 11 цагаас иргэдэд мэдээлэл хүргэж буй. Өнөөдрийн /2024.03.26/ мэдээллээр ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, Ойрын хэдэн өдөр дулаарснаас үүдэж нийт нутгийн цасан бүрхүүл багассан. Одоогийн байдлаар Увс аймаг хамгийн зузаан цасан бүрхүүлтэй байна. Өнөөдрөөс эхлээд баруун аймгуудын нутгаар цаг агаар тогтвортой бус, салхи шуурч, аюултай үзэгдэл эхлэх төлөвтэй байна. Өнөөдөр үдээс хойш Завхан аймгийн нутгаар цасан шуурга шуурна.
Говь-Алтай болон Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр хүчтэй шуурга шуурах төлөвтэй. Эдгээр аюулт үзэгдэл нь маргаашнаас эхлэн төвийн аймгууд руу чиглэх юм. Мөн гуравдугаар сарын 26-ны шөнө хүчтэй шороон шуурга шуурах бөгөөд нэн ялангуяа Сүхбаатар аймагт гамшгийн хэмжээнд хүрэх эрсдэлтэй. Маргааш эхлэх цас болон шороон шуурга нь нийт нутгаар зургаан цаг үргэлжилнэ. Иймд өндөр настан болон хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.