“Central” телевизийн үзэгчдийн хүртээл болгож буй “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоу нэвтрүүлгийн анхны дугаар өнгөрсөн бямба гарагт цацагдаж, үзэгчдийг байлдан дагуулаад байна. Тэр дундаа тус нэвтрүүлгийн оролцогчид олны анхааралд өртөөд буй. Тэдний нэг бол М.Билгүүн.
Тэрбээр Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхэрчин бөгөөд ахлах дэслэгч цолтой. Түүний хувьд цэрэгжлийн спортын мастер аж.
Тодруулбал, М.Билгүүн цэрэгжлийн гимнастикийн модон дээр малгай тавьж харайх төрөлд сүүлийн жилүүдэд тогтмол эхний байранд шалгарч байгаа алба хаагч юм. Өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулсан Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнд мөн энэ төрөлдөө 13 малгай дээгүүр харайж мөнгөн медаль хүртжээ.
Мөн тэрбээр ХБНГУ-д цэргийн сургууль дүүргэснээс гадна АНУ-д суралцсан байна. Ахлах дэслэгч М.Билгүүн герман, англи хэлтэй. Үүнээс гадна энхийг сахиулагч, бүжгийн спортоор хичээллэдэг, гардан тулаанч зэргээрээ салбартаа танигдаж, үнэлэгддэг алба хаагч аж.