Яруу найрагч, зохиолч Ц.Хуланг энэ оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас баривчилсан. Түүнийг Эрүүгийн хэргийн 19.4 дүгээр зүйлээр буруутгаж буй.
Тодруулбал, Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан гэх үндэслэлээр шүүж байгаа. Энэ хэсэгт хамаарах шийтгэл нь 8-15 жил хүртэл хугацаагаар хо рих я л онооно. Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хо рих я л шийтгэнэ.
Ц.Хулан гурав дахь сардаа цагдан хоригдож байгаа. Найрагч бүсгүйг нийгмийн сүлжээнд эх оронч үзэл санааг тунхаглан зарладаг уран бүтээлч яагаад ч тагнуулын үйл ажиллагаа явуулахгүй гэсэн давлагаа өрнөж байгаа ч ийнхүү удаан хоригдож байгаа нь эргэлзэхэд хүргээд байна.
Учрыг лавлан судлахад тэрбээр Х Богдыг тодруулах, алдаршуулах процесс өрнөж байх зуур гадаадын байгууллагатай хамтран ажилласан асуудлаар шалгаж байгаа гэх. Тайлбарлаваас, Төвдөөс гаралтай шарын шашны гурван том тэргүүн болох Далай лам, Банчин богд, Жавзандамба нар нэгнийхээ хойт дүрийг тодруулдаг үйл хэргэмтэй. Тэр утгаараа Далай лам 2016 онд Монгол айлчлахдаа Их тэнгэрт X Богдыг тодруулах ёслолыг хаалттай байдлаар үйлдсэн гэдэг. Үүнээс улбаалж Далай ламыг Монголд айлчилсанд БНХАУ дургүйцлээ илэрхийлж, нүүрсний экспорт, своп хэлцэл сунгах, ОУВС-гаар дамжуулан зээл татах зэрэг асуудлаар дипломат сэрэмжлүүлэг өгч эхэлсэн гэдэг.
1995 онд Далай ламын тодруулсан зургаан настай Банчингийн дүрийг Хятадууд хулгайлсан ба “Энх тунх өсөж торнисон ч шашны тэргүүнээр ажиллах хүсэлгүй байгаа” хэмээн тайлбарлаж, Хятадын комминуст намын гишүүний хүүхдийг Банчингаар тодруулсан байдаг. Эл Банчин дүр одоо Хятадын коммунист намд ажиллаж, шашны өндөр боловсрол эзэмшсэн гэх ба манай зарим улс төр, шашны томчууд түүнд мөргөдөг нь ил тод асуудал юм.
Цаашлахад тогтсон үйл явцын дагуу насан өндөр болсон Далай лам тэнгэртээ “хятадын” энэ Банчин богд хойт дүрийг нь тодруулах болчхоод буй. Тэгэхээр Банчин богдтой эн зэрэгцэж, Далай ламын хойт дүрийг тодруулах эрх эдлэх хувилгаан бол өдгөө тодроод буй X богд юм. Тэгэхээр Ц.Хуланг өнгөрсөн жилүүдэд энэ агуулгаар БНХАУ-тай харилцаа үүсгэн ажилласан гэж үзэж байгаа юм байна.
Эх сурвалж: eguur.mn