ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Ө.Уянга ажлаасаа шалтгаангүй халагдсан тухайгаа өөрийн нүүр номдоо бичсэн нь олны анхаарлыг татаад байгаа билээ. Тэрбээр, “Ажлаасаа халагдчихлаа. ДБЭТ-ын хамт олондоо баярлалаа. Шалтгаангүй шахуу халагдлаа даа. Мэргэжлийн хувьд шаардлага тавьж театрын ажил урагшгүй байгааг шүүмжлэх төдийд л халчихдаг болсон юм уу. Театр элгээрээ хэвтчихээд байгаа нь үнэн шүү дээ” гэх агуулга бүхий постыг нийтлэсэн юм.
Тэгвэл түүнийг ажлаас халсан шалтгаан нь өнгөрөгч онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дууны ангийн 70 жилийн ойн арга хэмжээд зориулсан ажлыг зохион байгуулсантай холбоотой байжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, УДБЭТ-ын гоцлол дууны ангийн түүхт 70 жилийн ойд зориулсан видео контент, танилцуулага, хэвлэлийн бага хурал зохион байгуулах болон гала тоглолт хийх санаачлалгыг гаргажээ. Гэвч удирдлагууд нь энэхүү санаачлагад төдийлөн ач холбогдол өгөөгүй учраас уран бүтээлчид дотроосоо УЗ гаргаж тэрхүү удирдах зөвлөлийг МУГЖ Ө.Уянгаар ахлуулахаар болсон байна.
Ийнхүү Ө.Уянгаар ахлуулсан УЗ-ийн гишүүд түүхт 70 жилийн ойдоо зориулан дээрх ажлуудыг амжилттай зохион байгуулсан боловч уран бүтээлчид нь өөрсдийг нь давж ажлаа хийсэнд театрын удирдлага ихээхэн ундууцжээ.
Улмаар УДБЭТ-ын удирдлагууд УЗ-ийг ахалсан МУГЖ Ө.Уянгыг ажлаас нь чөлөөлөөд зогсохгүй уран бүтээлчдийнхээ бэлтгэсэн видео контетуудыг ашиглан нэвтрүүлэг болгон телевизээр цацсан байна. Ингэхдээ гол ажлыг нугалсан уран бүтээлчдийг огт дурьдаагүйд уран бүтээлчид гомдолтой байгаа аж. Харин МУГЖ дуучин Ө.Уянга халагдах тушаалаа авсан бөгөөд эл асуудлаар хуулийн байгууллагад гомдол гаргахаар зэхэж байгаа юм байна.
Сонирхуулахад, ДБЭТ-ын гоцлол дууны анги үүсэн байгуулагдсан 70 жилийн түүхэнд Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн эрэгтэй дуучин Ц.Пүрэвдорж, Хөдөлмөрийн баатар, ардын жүжгчин Г.Хайдав, ардын жүжигчин Д.Жаргалсайхан, А.Хавлааш, А.Загдсүрэн, Ч.Мөнхшүр, А.Долгор, А.Дашпэлжээ, Б.Жавзандулам, А.Энхтайван, Э.Амартүвшин, Төрийн шагналт, ардын жүжигчин, XX дууны манлай дуурийн эмэгтэй дуучин Х.Уртнасан, гавьяат жүжигчин А.Бүтэд, П.Цэвэлсүрэн, О.Ичинхорлоо, М.Ерөө, М.Найдалмаа, Б.Цэцгээ, Т.Баясгалан, Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, М.Болд зэрэг олон алдартай дуучид төрөн гарсан юм.