Намрын чуулган завсарлаж, УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж буй. Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл аймгийнхаа сурагчдад таблет тарааж явна. Одоогийн байдлаар Зүүнхангай сумын ахлах ангийн сурагчдад таблет тараагаад буй аж.
Албаны эх сурвалжаас тодруулахад, тэрбээр тойрогтоо ажиллах хугацаандаа 1000 таблетыг сумдын арванхоёрдугаар ангийн сурагчдад тараах гэнэ. Харин үлдсэн 1000 ширхэг таблетыг Увс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар арваннэгдүгээр ангийнханд тараах юм байна. Зарим есөн жилтэй сумдын есдүгээр ангийнханд мөн таблет өгөх юм байна. Ингэснээр Увс аймгийн ахлах ангийн 2000 сурагч таблеттай болох аж.
О.Цогтгэрэлийн тухайд “Гэрэл нэмье 2.0” төслийн хүрээнд сурагчдад таблетууд тарааж буй гэх. Албаны эх сурвалжаас өгсөн мэдээллээр тэрбээр улсын төсвийн хөрөнгөөр таблет авсан байна.
Тэрбээр Android 11 гэх таблетыг тарааж буй бөгөөд 2GB RAM, 32GB ROM үзүүлэлттэй. Тус таблет Amazon дээр 62.89 ам.доллароор зарагдаж байна. Нэг ам.доллар өнөөдөр /2023.02.06/-ийн байдлаар 3,496 төгрөг байна. Тэгэхээр нэг таблет монгол мөнгөөр 219 мянга 920 төгрөг гэсэн үг.
eguur.mn