Туул голоос их хэмжээний мөс зөөн тээвэрлэж буй зөрчлийг таслан зогсоож, холбогдох хяналтын байгууллагад шилжүүлсэн гэх мэдээлэл өчигдөр олны анхаарлыг татсан. Бид энэ мэдээлэлтэй холбогдуулж Туул голын сав газрын захиргаанаас тодрууллаа.
-Туул голоос мөс хагалж, зөөвөрлөсөн иргэдийг ямар учраас зөрчилтэй гэж үзсэн юм бол?
-Нэгдүгээрт голын хамгаалалтын бүсэд ямар ч үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Хоёрдугаарт мөс авах гэж буйгаа мэдэгдээгүй буюу зөвшөөрөл аваагүй. Гуравдугаарт мөсөн дээр олон тооны тээврийн хэрэгсэл гаргаж бохирдол үүсгэх хэмжээний нөхцөл байдал үүсгэснээс гадна орох хэсгийг хориглочихсон байхад дур мэдэн нээж орсон. Дөрөвдүгээрт голын экосистем болон усан дотор амьдарч байгаа амьтдад сөрөг нөлөө үзүүлж байгаа гэдэг үндэслэлээр болиулсан.
-Усан дотор амьдардаг амьтдад хэрхэн нөлөөлөх тухай гэдгийг дэлгэрүүлээч?
-Усан дотор амьдардаг экосистемийг бүрдүүлдэг ховгон, хаварч зэрэг амьтад бий. Тэдгээр нь устай үед түрсээ чулуун дээр шахаж орхидог. Энэхүү түрсүүд хавар авгалдай болдог учир мөсийг хагалахад үгүй болох эрсдэл үүсдэг. Эдгээр амьтад голын экосистемийг хадгалахад чухал үүрэгтэй.
-Туул голоос мөс авах хэрэгцээ шаардлага үүссэн тохиолдолд танай байгууллагаас зөвшөөрөл авдаг гэсэн үг үү?
-Тийм. Хаанаас, ямар тээврийн хэрэгслээр, хэр хэмжээний мөс авахаа мэдэгдэх ёстой байдаг. Усны дэглэм болон эрүүл ахуйн бүстэй холбоотой учраас бид мэдэж байх шаардлагатай гэсэн үг. Бусдаар бол мөс авч болохгүй гэсэн ойлголт биш л дээ.
-Хамгаалалтын бүсийн тухайд тодруулбал?
-Онцгой болон энгийн хамгаалалтын бүс гэж бий. Онцгой хамгаалалтын бүст ямар ч үйл ажиллагаа явуулахыг хориглодог юм.