УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нүүрсний хулгай”-н хэргийн хамсаатнаар нэрлэгдэж, АТГ-ынханд “ачигдах” дээрээ тулаад буй. Гагцхүү “Гишүүний халдашгүй байдал” гэх ганц хана хэрэм л түүнийг нартаас нарсанд орохоос нь хамгаалж байгаа. Өчигдөр л гэхэд АТГ-ынхан Т.Аюурсайханы хамаарал бүхий этгээдүүдийн орон сууц, оффист нэгжлэг хийсэн.. Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нүүрсний хулгай”-н хэрэгтэй ямар схемээр холбогддогийг нэгхэн жишээгээр тайлбарлая.
Ардын намын төлөө Т.Аюурсайхантай хамт амь хайргүй жагсаж, хэлмэгдэгсдийн хөшөөний хажууханд майханд хоноглож явсан Б.Ганхуяг 2016 оны сонгуулийн дараа “шагнал”-аа авч, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Тэргүүн дэд захирлаар томилогдсон. Улмаар 2018 оны дөрөвдүгээр сарын 4-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал болж тушаал дэвшин, тамга атгах эрхтэй болсон. Жагсаалын “алтан” хамтрагч, зүү орох зайгүй шахам дотно нөхөр Б.Ганхуяг нь ийнхүү “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг “эрхшээх” эрхтэй болсон нь Т.Аюурсайханд “ертөнцийн үүд”-ийг нээж өгчээ. Ингээд Т.Аюурсайхан 2016 оноос хойш хажуугаасаа салгаагүй хоёр шадар туслахынхаа нэгийг буюу Баатарын Отгонжаргалыгаа “Эрдэнэс тавантолгой” ХК руу илгээжээ. Б.Отгонжаргалыг очмогц нь Б.Ганхуяг тосож аваад, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд Ерөнхий аудитороор томилжээ. Ингээд туслах явсан Б.Отгонжаргал хормын төдийд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тендер, худалдан авах ажиллагааг хариуцдаг, нэг ёсондоо авдарных нь түлхүүрийг атгасан чухал хүн болж, Т.Аюурсайханаас “даалгавар” хүлээж суудаг болжээ.
Т.Аюурсайхан саяхан тайлбар хийхдээ “Шалгагдаж байгаа Б.Отгонжаргал 2016 онд миний зөвлөхөөр ажиллаж байгаад, удалгүй өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Надтай огт хамаагүй” гэж байна лээ. Үнэн хэрэгтээ Б.Отгонжаргал хэдий “Эрдэнэс тавантолгой” ХК-д “хурган” дарга болсон ч 2016 оноос хойш өдийг хүртэл буюу АТГ-ынханд ачигдах хүртлээ Т.Аюурсайханы хэлсэн үг, хийсэн үйлдлийг сошиал орчинд түгээх ажлаа огт орхигдуулаагүй байгаа юм. Тэр байтугай, Т.Аюурсайханы 2020 оны УИХ-ын сонгуулийн санхүүжилтэд цалингаасаа 5.0 сая төгрөг хүртэл хандивласан байгаа юм. Ийм байхад Т.Аюурсайхан “Тэр хүн надад хамаагүй” гэж мэлзэх нь жудаггүй л хэрэг.
Т.Аюурсайхан ингэж нэг туслахаа Б.Ганхуягийн дэргэд дарга сэтэртэй суулгаж, нөгөө туслахаа өөрийнхөө дэргэд үлдээсэн нь алсыг харсан төлөвлөгөө байжээ. Т.Аюурсайхан өөрийнхөө дэргэд үлдээсэн шадар туслах Ишравжаагийн Даваадоржийгоо 2020 оны Орон нутгийн сонгуулиар өөрийн тойрогтоо “сойж”, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн МАН-ын хорооны дэд дарга болгожээ. Тэр байтугай, Т.Аюурсайхан өнгөрсөн аравдугаар сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болмогцоо И.Даваадоржийгоо яамныхаа харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилжээ. И.Даваадорж хэдий агентлагийн дарга болтлоо дэвшсэн ч Т.Аюурсайханы Чингэлтэй дүүрэг дэх бие төлөөлөгчийн ажлаа давхар гүйцэтгэдэг юм билээ. Гишүүний туслах, бие төлөөлөгчөөс дүүргийн төлөөлөгч, төлөөлөгчөөс агентлагийн дарга болж дэвших хувь заяа хэн хүнд тохиогоод байдаггүй биз. Тэгвэл Т.Аюурсайхан туслах И.Даваадоржийгоо ийн “тэнгэрт тултал” татаж, тушаал дэвшүүлээд байгаа нь цаанаа нарийн учиртай байжээ. Өөрөөр бол, Т.Аюурсайханы туслах И.Даваадорж өнгөрсөн хугацаанд хэд хэдэн компани байгуулж, тендерт бэлтгэжээ.
Үргэлжлэлийг…ergelt.mn