Эдгээр өдрүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар БНТУ-д албан айлчлал хийж яваа билээ. Баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаандаа эзгүй байв. Өнөөдөр /2022.10.15/ түүний өөрийн цахим хуудаснаа цацсан 36 секунтын видео бичлэг олон нийтийн шүүмжлэл хүлээгээд байна.
Тухайн бичлэгт спикер хүүхэлдэйн дүрд хувирч, мод тарьж буй тухай гарч буй юм.
Бичлэгний тайлбартаа харин тэрбээр “Байгалиа бүтээе. Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласантай холбоотойгоор мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлье. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, ой, усны нөөцийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулах, ажлын байрыг олноор бий болгох зэрэг эдийн засгийн ач холбогдолтой. Байгаль эхээ хайрлацгаая” хэмээн уриалжээ.
Гэвч “Спикер хүүгийн адал явдал” шүүмжлэл дагуулж эхлээд байна. “Татвар төлөгч бидний хэдэн төгрөгөөр хийлгэсэн бэ, үүний оронд жинхэнэ мод тариад бичлэг хийлгэсэн бол жинхэнэ байгалиа хайрлах байлаа” гэхчлэн шүүмжлэлүүд хөвөрчээ.
Өчигдөр /2022.10.15/ УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудаснаа 36 секунтын “Тэрбум мод” төслийн анимейшндээ иргэдийг мод тарихыг уриалсан. Энэ нь түүний дүрс орсон гурав дахь анимейшн бөгөөд өмнө нь тэрбээр энэ сарын 1-ний өдөр болсон Ахмадын өдөр, мөн 5-нд болсон Дэлхийн багш нарын өдөрт зориулсан мэндчилгээгээ 3D анимейшн хэлбэрээр хийлгэн, өөрөө гол дүрд нь “тоглосон” юм.
Харин УИХ-ын Хэвлэлийн албанаас энэхүү видеонд төсвийн мөнгө зарцуулаагүй хэмээн мэдэгджээ.