Монголын карьер өндөртэй эрхмүүдийг ‘Монгол тулгатны 100 эрхэм’-д орсон, ороогүй гэж ялгаж болохоор болж. Орсон эрхмүүд нь дотроо уйлсан, уйлаагүй хэмээн бас ангилагддаг. Уйлсан нь уйлаагүй нөхдийнхөө дээр гардаг бичигдээгүй хуультай болжээ.
Бараг л нэгэн алдартай топ модельтой унтаагүй бол дээдсийн зиндаанд багтдаггүй гэх бичигдээгүй хууль юм шиг болох нь… Олон нийтийн хандлагаас харахад уг нэвтрүүлгээр ороод уйлсан хүнийг эерэгээр хүлээж авдаг. Том биетэй, бүдүүн хадуун төрхтэй бол бүр ч эвийлж хөөрхийлнө. Хэрвээ Б.Бат-Эрдэнэ аварга ерөнхийлөгчийн сонгуулд ялагддаг жилдээ энэ нэвтрүүлгээр ороод уйлсан бол ялах ч байсан байж магадгүй гэх их мэдэгчид гарч ирнэ.
Нэвтрүүлгийн оргил үе нь зочныг уйлуулах гэж Херо Баатар тун чиг онож сэтгэсэн гэлтэй. Зочинтойгоо урьдчилан тохиролцдог ч байж мэднэ. Ямар ч байсан хөтлөгчид нь уйлахаас өөр аргагүй байдалд оруулах юм уу эсвэл уйлах чиг рүү хөтлөөд чадаад байдаг. Тэгвэл Монголд бараг уйлж үзээгүй болов уу гэмээр хатуу чанга төмөр мэт хүмүүс олон байна.
Хэр баргийн байтугай хэрээс хэтэрсэн зүйлд ч усан нүдлэхгүй байж мэдэх шийртэй эр бол ‘Буян’-гийн Жагаа. Хэрвээ түүнийг ‘Монгол тулгатны 100 эрхэм’-ийнхэн нэвтрүүлэгтээ урьж залаад, уйлуулж чадвал Херо Баатарыг шүтэн биширье. Авьяас чадвар, аугаа суу билэгт чинь итгэе. Найруулагч Баатар нь хөтлөгчдөө маш авьяастай ч маш адармаатай ааштай гэж магтсан удаа бий.
‘Тунгалаг Тамир’ кинонд Цахиур Төмөр ‘Tа нар тийм ид шидтэй хувилгаан юм бол наад буугаа надад өг, би буудья, тэгээд үхэхгүй бол би итгэе, хэлсэн болгоныг чинь дагая’ гэдэг. Харин хувилгаад буугаа өгдөггүй.
Үнэхээр л эрдэм чадалдаа эрдэж, нарийн мяндсан ухаан гаргаж чаддаг Реализатор юм байна гэж зарлая.