Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.
Өнөөдөр /2023.01.16/-ийн сонсголоор 11 зээлдэгчтэй холбоотой, шинжээчийн дүгнэлтийг сонсож, гэрчүүдээс асуулт асуух юм.
“Бэрэн групп”-ийн зээлтэй холбоотойгоор 22 хүнийг гэрчээр дуудсан бөгөөд тэднээс асуулт асууж буй юм.
Түр хорооны дарга Б.Энхбаяр “Бэрэн групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр болон гүйцэтгэх захирал М.Цэлмэгээс зээлийг яагаад зориулалтын бусаар зарцуулсныг тодруулж байна.
Б.Энхбаяр: Хамаарал бүхий хуулийн этгээд болох “Нэхээсгүй эдлэл” ХК, “Атар өргөө” ХК, “Бэрэн трейд” ХХК-ийн зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 5.7 сая ам.долларыг зарцуулсан байна гэсэн асуудал гарч байгаа. Өөрөөр хэлбэл, энэ компаниудын арилжааны банкин дахь зээлийг төлчихсөн байна. Танай компанийн зээл авсан зориулалт нь барилгын арматурын үйлдвэр төслийн эргэлтийн хөрөнгөд зарцуулагдах байсан. Гэтэл зээлээ зориулалтын бусаар зарцуулсан байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
Б.Мөнхтөр: Хөгжлийн банкнаас манайх арматурын гангийн үйлдвэр барихаар зээл авсан нь үнэн. Авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулсан. Манайх чинь групп компани. Компани хооронд гүйлгээ байдаг. Гэхдээ зээлээр авсан бүх мөнгөө Эрдэнэтийн Гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад ашигласан.
Б.Энхбаяр: Тэгэхээр та сая танилцуулсан шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй, худлаа дүгнэлт гэж үзэж байна гэсэн үг үү?
-Б.Мөнхтөр: Биднийг шалгаж байгаа. Шинжээчийн танилцуулсан гүйлгээнүүдийг тайлбар хэлж, батлах гэхээр шууд ярьж болохгүй нь. Нууц задруулж болохгүй баталгааны гэрээ хийсэн байгаа.
Б.Энхбаяр: Жишээлбэл, 2017.08.11-ний өдөр зээл, зээлийн хүүг “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК руу 3 сая 78 мянган ам.доллар шилжүүлсэн байна. Энэ ямар утгатай шилжүүлэг вэ. Мөн 2018.01.19-ний өдөр 1 сая ам.доллар зээлийн хүү гэж шилжүүлсэн байна. Энэ бас ямар учиртай гүйлгээ вэ?
Б.Мөнхтөр: Би ярих гэхээр нарийн юм руу орчих гээд байна. Тийм учраас хариулах боломжгүй.
Б.Энхбаяр: “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-ийн Төрийн банк дахь 1060000… тоот данснаас 2017.10.30-ний өдөр иргэн Гэндэнжамжийн Мөнхбилэгийн Капитрон банк дахь 305500… тоот дансанд 3.1 сая ам.долларыг зээл, зээлийн хүү гэх утгатайгаар шилжүүлсэн байгаа юм. Энэ нь таны Хөгжлийн банкнаас авсан зээлийн зориулалтад нийцэж байгаа гүйлгээ мөн үү?
М.Цэлмэг: Бид 2022 оны хоёрдугаар сараас хойш АТГ-т бүх баримт бичгээ өгөөд, санхүүгийнхээ зарцуулалтыг нотлоод явж байгаа. Хуулийн хүрээнд энэ асуултад тодорхой хариулт өгөх боломжгүй. Яагаад гэвэл бид хууль хяналтын байгууллагад баталгаа гаргаад өгчихсөн байгаа. Гэхдээ зарчмын хэмжээнд хариулах гээд үзье.
Бид тухайн оныхоо дөрөвдүгээр сард бид Хөгжлийн банканд нийгмийн шинжтэй, гэр хорооллын дахин төлөвлөлийн 720 айлын орон сууцыг барихаар зээлийн хүсэлт гаргасан. Тухайн жилийнхээ аравдугаар сарын сүүлээр буюу арваннэгдүгээр сард зээлийн хороо, ТУЗ нь бидний хүсэлтийг зөвшөөрч, зээлийн гэрээ байгуулж, олголтуудаа үе шаттайгаар авсан. Барилгын салбар бусад салбараас их онцлогтой. Шууд мөнгөө аваад, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй. 9.3 хувийн өндөр хүүтэй, валютаар олгогддог зээлийг орж ирэхээр нь шууд барилгынхаа угсралтаа эхлүүлэх боломжгүй. Иймд арматур болон бусад барилгатай холбоотой бизнес эрхэлдэг өөрийн салбар компаниуддаа үйл ажиллагаа явуулсан. Мөнгийг хаашаа гарч, орж байгаагаар нь биш төсөлдөө тухайн хэмжээний мөнгө зарцуулагдсан уу гэх өнцгөөс нь асууж байгаагүй тул шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Бид авсан зээлээ барилга болон гангийнхаа үйлдвэрт зарцуулсан.
Б.Энхбаяр: Хөгжлийн банкнаас 2018.01.19-ний өдөр “Бэрэн трейд” ХХК-ийн Төрийн банк дахь 3438500006 тоот дансанд 1.5 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг шилжүүлсэн байна. “Бэрэн трейд” ХХК-ийн тоот данснаас 2018.01.24-ний өдөр хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөрийн Худалдаа хөгжлийн банк дахь 49500… тоот дансанд 50 мянган ам.долларыг зузаатгал, Хаан банкны 51300… тоот дансанд 50 мянган ам.долларыг зузаатгал утгатайгаар тус, тус шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, “Бэрэн групп”-ээс “Бэрэн трейд” ХХК рүү, “Бэрэн трейд” ХХК-иас Б.Мөнхтөр таны данс руу энэ санхүүжилт шилжсэн байна гэх дүгнэлт гарч байна. Та үүнтэй санал нэгдэх үү?
Б.Мөнхтөр: Миний картны зузаатгалд орж байгаа боловч бас төсөлдөө зарцуулагдаж байгаа гэж ойлгож болно. Бид зээлсэн бүх мөнгөө төсөл рүүгээ оруулсан.
Б.Энхбаяр: Б.Мөнхтөрийн хувийн данс руу шилжүүлсэн 1.5 сая ам.долларыг зориулалт бусаар хувийн хэрэгцээнд зарцуулсан байна гэсэн шинжээчийн дүгнэлт гаргасан. Та мөрийтэй тоглоом тоглодог уу?
Б.Мөнхтөр: Би мөрийтэй тоглоом тоглодоггүй.
Б.Энхбаяр: Та өөрийн данснаас Макао чөлөөт бүс дэх казиногийн АТМ-ээс маш их хэмжээний мөнгө авсан байна. 2018.01.31-нээс эхлээд мөн Сингапур улсад бэлнээр казиногийн АТМ-ээс бэлэн мөнгө авсан байна. Тийм учраас энэ асуултыг асууж байгаа юм.
Б.Мөнхтөр: Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Энэ гүйлгээнүүдийг би шүүх дээр баримтаар нотлох болно.
Б.Энхбаяр: Ер нь энэ бэлнээр авсан мөнгийг та өөрөө авсан юм уу, өөр хүн авсан юм уу. Таны хувийн данснаас гараад байгаа мөнгө шүү дээ.
Б.Мөнхтөр: Энэ асуудлыг АТГ өнөөдөр шалгаж буй. Шүүх рүү шилжиж байгаа.
Б.Энхбаяр: Танайх Хөгжлийн банкнаас зээл авахаар хөөцөлдөхөд тусалсан, улс төрд нөлөө бүхий этгээдтэй уулзаж, нөлөөлсөн зүйл байгаа юу?
Б.Мөнхтөр: Надад улс төрийн дэмжлэг, нөлөөлөл байхгүй.
Б.Энхбаяр: Та Т.Бадамжунай гээд тухайн үед Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүнийг таних уу?
Б.Мөнхтөр: Танина. Т.Бадамжунай бол манай Архангай аймгаас сонгогдсон улстөрч. Тэр утгаараа Архангайнхан бүгд танина. Манай нутгийн улстөрч.
Б.Энхбаяр: Та энэ хүнтэй Макао болон Сингапурт таарч байсан уу?