Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-ын чуулган, байнгын хороодоор хэлэлцүүлж буй бөгөөд Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас ирэх оны төсөвт 18.3 тэрбум төгрөгийг “Соёлын эрхийн бичиг” арга хэмжээнд зарцуулахаар суулгасан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад байна.
Энэ талаар салбарын сайд Ч.Номин, “Монгол Улсын хэмжээнд 16-18 насны 186 мянган хүүхэд бий. 186 мянган хүүхдээс 30 гаруй мянга нь тусгай хэрэгцээт буюу үндсэн боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжгүй хүүхдүүд. Улмаар өсвөр насны хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхийн тулд жилд 100 мянган төгрөгийн цахим эрхийн бичгийг олгоно” гэж тайлбарласан байдаг.
Тэгвэл уг олны шүүмжлэл ихээр дагуулсан шуугианы араас тэрбээр цахим хуудсаараа дамжуулан ийнхүү сэтгэгдлээ илэрхийлээд байна.
Ч.Номин: “Хэд хоног сэтгэл сэргэтэл сайхан балбууллаа. Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй. Хариуцсан салбараа цээжээрээ хамгаална. Монгол соёлын дархлаа, хүүхдийн хөгжлийн төлөө бол насаараа балбуулсан ч харамсахгүй.” гэв.