ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсэг ашиглахтай холбоотой шинэ саналыг өчигдөр гаргажээ.
Тодруулбал барууны орнууд ОХУ-руу ямар ч зэвсгээр довтолсон бай, Оросын талаас цөмийн зэвсгээ ашиглаж болзошгүйг анхааруулсан аж.
Тэрбээр цөмийн зэвсгийн баримт бичигтээ цөмийн зэвсэггүй улс орон цөмийн зэвсэгтэй улсын тусламжтай ОХУ-руу довтолбол хамтарсан дайралтад тооцохоор тусгах тухай санал гаргасан байна.
Путин дээрх саналаараа Украинд зэвсгээ ашиглуулах эсэх тухай хэлэлцэж буй АНУ болон Их Британид хариу өгч буй нь илэрхий байгаа юм.
Түүний 2020 онд гаргасан цөмийн зэвсгийн баримт бичигт дайсны талаас ОХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн болон уламжлалт зэвсгээр довтолсон тохиолдолд цөмийн зэвсгээ ашиглахаар тусгасан байдаг.
Ерөнхийлөгч Путин “Цөмийн зэвсэг нь манай төр болон иргэдийн аюулгүй байдлыг хангах хамгийн чухал баталгаа, дэлхийн стратеги болон хүчний тэнцвэрийг хадгалах хэрэгсэл хэвээр байна” гэжээ.
ОХУ нь хамгийн их цөмийн зэвсэгтэй улс бөгөөд АНУ болон ОХУ нийлээд дэлхийн нийт цөмийн зэвсгийн 88 хувийг эзэмшдэг.
Эх сурвалж: Reuters
Discussion about this post