Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Узбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн урилгаар энэ сарын 23-26-нд тус улсад төрийн айлчлал хийхээр явлаа. Энэ айлчлал нь хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд түвшинд болж буй анхны айлчлал юм.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Узбекистан улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Олий Мажлис (парламент)-ийн Сенатын дарга Танзила Нарбаева, Ерөнхий сайд Абдулла Арипов нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцох юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хамгийн сүүлд 2022 оны есдүгээр сард Бүгд найрамдах Узбекистан улсад очсон бөгөөд тус улсын Самарканд хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байсан юм. Харин энэ удаад тус улсад албан ёсны төрийн айлчлал хийж байна.