Зуд турхны нөхцөл байдал сүүлийн жилүүдэд учирч тохиогоогүйгээр хүндэрсэн өдрүүдэд төрийн албаны ажилчид нэг өдрийн цалингаа малчдад хандивлах болсон.
Тухайлбал, ХХААХҮЯ, БОАЖ, БШУЯ тэргүүтэй яам, УЦУОШГ зэрэг агентлагийн ажилчид одоогоор нэг өдрийн цалингаа малчид руу илгээх хандивын аянд нэгдэхээ мэдэгдээд байна.
Тэгвэл, Засгийн газрын түвшинд энэ хандивыг малчдад хүргэхээс татгалзсан байр суурьтай байгаа гэж хөшигний ард яригдаж байна. Тухайлах юм бол, цар тахлын үед мөн их хэмжээний хандив тусламж цугласан. Дараа нь харин хандивын зарцуулалт тайлагнах үеэр нийгмээс шүүмжлэл хүлээсэн нь цөөнгүй.
Энэ үүднээс эрх баригчид сонгуулийн жил гэдгийг тооцож байна. Хэрэв иргэдээс их хэмжээний хандив босговол энэ нь эргээд шүүмжлүүлэх, өөрсдийн бэлтгэж чадаагүй ажилд дахин ард түмнийг дайчилсан дүр зургаар буух эрсдэлтэй гэж үзжээ.
Иймд иргэдээс ирж буй хандивыг тэд шууд төвлөрүүлэхгүй. Харин “Улаан загалмай” нийгэмлэг зэрэг тодорхой чиг үүрэг бүхий ТББ-уудад төвлөрүүлж, тэр замаар хандивлах нь ядаж зүйтэй гэсэн байр суурьтай буй гэсэн мэдээлэл байна.
Өөрөөр хэлбэл, сонгуулийн өмнө тэд иргэдээс хандив авч зарцуулсан аливаа кэйс, намтар үүсгэхийг хүсэхгүй байгаа гэж ойлгогдоно.
Одоогоор хувь иргэдээс гадна МҮБХ, Гандантэгчинлэн хийд зэрэг секторууд хандив цуглуулж, үүнийгээ УОК-т албан ёсоор хандивлахаар болсон. Харин иргэдээс хандив их хэмжээнд цугларвал энэ нь эргээд Засгийн газрын үйл ажиллагааны үнэлэлт, дүгнэлтэд сөргөөр нөлөөлнө гэж үзжээ.
Г.САНСАРМАА
Эх сурвалж: eguur.mn