Улсын арслан М.Бадарчийн А сорьцоос допинг илэрсэн болох нь наймдугаар сарын сүүлээр олон нийтэд ил болсон билээ. Түүнээс Метенолон гэх бодис илэрсэн гэдэг. Дасгалжуулагч нь түүнийг энэ хавар зүрхний эмчилгээ хийлгэсэн гэж мэдээлсэн. Улмаар есдүгээр сарын 04-нд тэрбээр Б сорьцоо шинжлүүлэхээ албан ёсоор мэдэгдэж, энэ сарын 18-нд гарах хариугаа хамт задлахаар БНСУ-д өөрийн биеэр очоод байсан билээ.
Б сорьцын хариу баталгаажиж, допинг илэрсэн нь тогтоогдоод байна.
Тэгвэл Улсын арслан болсон М.Бадарч барилдах эрхээ дөврөн жилээр хасуулж, 40 сая төгрөгөөр торгуулна гэсэн үг.
Тодруулбал, МҮБХ нь 2021 онд барилдааны дүрэмд допингийн хариуцлагыг дараах байдлаар өөрчилж байв.
- а. МҮБХ-ноос барилдааны үеийн явцын шинжилгээг авна
- б. МҮБХ өөрийн зохион байгуулсан болон төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулалцсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл найм ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасна
- в. Хэрэв эрх хассан хугацаанд ямар нэгэн барилдаанд барилдвал тэр хугацаанаас шийтгэлийн хугацааг дахин үргэлжлүүлэн тооцно гэж заасан байдаг.
Харин дараагийн асуудал нь түрүү бөх М.Бадарчид бөхчүүдийн цол хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг асуулт.
Тавын даваанд өвдөг шороодсон
- Аймгийн арслан Б.Баянмөнх УЛСЫН НАЧИН
Зургаагийн даваанд өвдөг шороодсон
- Улсын начин Э.Даш УЛСЫН ХАРЦАГА
Долоогийн даваанд дунд шөвөгт өвдөг шороодсон
- Аймгийн арслан С.Сүхбат УЛСЫН ЗААН
Наймын даваанд их шөвөгт өвдөг шороодсон
- Улсын аварга О.Хангай чимэг нэмнэ
Есийн даваа буюу үзүүр, түрүү булаацалдсан
- Улсын харцага Ц.Бямба-Отгон УЛСЫН АРСЛАН
Өөрөөр хэлбэл тавын даваанаас эхэлж ам авсан, учраа таарсан бөхчүүдийн цол хөдөлнө гэсэн үг.