Хэрэвзээ, эрх баригчдын сценарийн дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж, ирэх намар УИХ-ын ээлжит сонгууль явуулбал энэ хаврын чуулган Г.Занданшатарын парламентын сүүлийн чуулган байх болно.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ тухай “Шилэн нам” хэлэлцүүлгийн үеэр “Тогтолцоогоо өөрчилбөл намраас парламентын сонгууль явуулахад татгалзах зүйлгүй” гэсэн нь санамсаргүй ам алдчихаагүй нь ойлгомжтой. Эрх баригч намын даргад ийм сонирхол байна гэсэн үг. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөхөд парламентад суудалтай намууд дэмжлэг үзүүлсэн тохиолдолд.
АН-ын дарга Л.Гантөмөр ч Л.Оюун-Эрдэнэтэй ижил байр суурьтай “Энэ парламент чадамжгүй болсон, хугацаанаасаа өмнө бүрэн эрхээ дуусгах шаардлагатай” гэх болсон. Гэвчиг намын дарга нарынхаа үгэнд бүлгийн гишүүд нь орох эсэх нь эргэлзээтэй. УИХ цагаасаа өмнө тарах нь АН-д ашигтай байж магадгүй.
Гэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатарын ярилцлагадаа онцолсон “Миний дахин, дахин илэрхийлж хэлээд байгаа зүйл бол парламентын ардчиллаа эрсдэлд оруулах вий гэх болгоомжлол юм. Аль нэг нам, хэн нэгэн улстөрчийн хүсэл амбицаар улс орныхоо чухал асуудлыг шийддэг тогтолцоотой улс биш” гэх үгнээс харвал спикерийн хувьд парламентыг тараахын эсрэг байгаа бололтой. Мэдээж, Г.Занданшатарын парламент цагаасаа өмнө тарсан нь улс төрийн түүх болж үлдэх болохоор. Нөгөө талаар өнөөгийн парламент шиг хамгийн муу рейтингтэй УИХ байсангүй.
Г.Занданшатарын парламентаас лавтайяа 10 гаруй гишүүн хулгай, луйвар, авлига, албан тушаалын хэргээр хууль шүүхээс “зарлан дуудах” авчхаад байгаа. Ийм парламент авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийж чадна гэдэг эргэлзээтэй. Монголын том авлигач, хулгайчид авлигатай тэмцэх эрх зүйн шинэчлэл хийж чадна гэдэгт иргэд ч итгэхгүй.
Парламентын нэр хүндийг аваръя гэвэл 76 гишүүний 20 хувь нь хулгай, луйвар, хүчин, хүчирхийлэлд холбогдсон өнөөгийн УИХ тарахаас өөр сонголтгүй. Энэ бол хэн нэгэн улстөрчийн хүсэл биш улс төр, эдийн засаг нийгмийн захиалга болсон.
Нөгөө талаасаа Үндсэн хуульд “гар дүрэх”-эд өөр шалтаг, шалтгаан олохоос өөр аргагүй болсон. Эцэг хуулийг өөрчлөх эрх баригчдын “төлөвлөгөө”-нд төсөөлөөгүй саад учирсан нь зөвлөлдөх уулзалтад оролцсон иргэдийн төлөөлөл “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй” гэх зөвлөмж гаргачихсан. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гээд зөвлөлдсөн нь үнэн, зөвлөмж нь цагаан дээр хараар бичигдсэн нь үнэн болохоор эвтэйхэн шалтаг, шалтгаан олж Үндсэн хуулийг өөрчөх тухай МАН-ынхан “хээр явахдаа” тохирсон тухай хэвлэлээр бичигдах болсон нь оргүй хоосон цуурхал биш нь ойлгомжтой.
Тэрхүү шалтаг, шалтгаан нь авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл байх бололтой, Г.Занданшатарын “…Парламентын төлөөллийн чадавхыг дээшлүүлэх, Улсын Их Хурлын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоог хослуулан явуулах, улс төрийн намын хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалтыг ил тод болгохыг 80-аас дээш хувиар дэмжсэн. Мөн намын хатуу гишүүнчлэлээс татгалзах, төвлөрлийг сааруулахын тулд бүсчилсэн хөгжлийг эхлүүлэх, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг батлах, төрийн алба хаагчид хөрөнгө орлогоос гадна зарлагаа мэдүүлэхийг хуульчлах нь зүйтэй. ….Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиас эхлээд Үндсэн хууль хүртэл бүхий л хуульд авлигатай тэмцэх, авлигыг үл тэвчих үзэл санааг тусгах хэрэгтэй гэж үзэж байна” гэх үгнээс харвал.
Өнөөдрийн Монголд нүүрлэсэн хулгай, луйвраас харвал тогтолцоогоо ч, хүнээ ч өөрчлөх нь цаг үеийн шаардлага, нөгөө талаасаа улс төр, эдийн засгийн захиалга болжээ. Мажоритори тогтолцоогоо өөрчлөхгүй аваас МАН үнэмлэхүй засагласан хэвээр, авлигач, хулгайчдаасаа салж чадахгүй нь бодит үнэн. Хэдийгээр Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр УИХ-ын сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулах нь боломжтой болсон ч Үндсэн хуульдаа суулгах өгөхгүй бол манаж яваа хуулиа машинаар сольдог л “манаач”-тай улс шүү дээ. Нөгөөтэйгүүр, гишүүдийн тоог нэмэх нь аюулгүй байдал талаасаа ач холбогдолтой. Хорь, гучин хүн хууль хэлэлцээд бүхэл бүтэн улсын хувь заяаг шийддэг байж болохгүй. Хорь, гучин гишүүний талыг нь худалдаад авчихад захиалгын хуулиа амар, хялбархнаар батлуулчихна.
Иймээс Үндсэн хуульдаа өөрчлөлтөө хийвэл хийгээд УИХ тарах хэрэгтэй. УИХ-ын даргын авлигын эсрэг цогц шинэчлэл УИХ-ын танхимаас эхлэх ёстой шүү.