XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан, ажил үйлсээрээ ард олноо манлайлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Энэ өдөр хөдөлмөр бүтээлээ төрд үнэлүүлэн эрхмүүдийн нэг нь нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг байв.
Тэрбээр соёл урлаг, хэвлэл мэдээллийн салбарт 26 жил хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо.
Г.Оюунцэцэг нь өдгөө 25 дугаар суваг телевизийн Мэдээний албаны нэвтрүүлэгч, дуу оруулагчаар ажиллаж байна.
“Түмэн эх” чуулгын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Цэндийн Үенчид Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Ардын жүжигчин цол хүртээв.
Тэрбээр Булган аймгийн Хөгжимт дуу бүжгийн театрын гоцлол дуучин, бүжигчнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, уламжлалт өв соёлоо хөгжүүлэх үйлсэд 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа “Түмэн эх” чуулгад гоцлол дуучнаар тасралтгүй 30 гаруй жил ажилласан байна.
Мөн ардын дуу дуулах, ардын урлагийг судлах, түгээн дэлгэрүүлж нийтийн хүртээл болгох, ардын дууны урын санг баяжуулахад авьяас чадвараа зориулж, үндэсний соёл урлагаа Франц, Герман, Бельги, Нидерланд, Швейцар, Испани, Их Британи, ОХУ, БНХАУ, Япон зэрэг дэлхийн олон орны тайзан дээр тоглон сурталчилсан билээ.
Түүнчлэн ардын дууны судалгааны чухал эх хэрэглэгдэхүүн болсон “Зуун лангийн жороо луус” ардын дууны цоморлогийг гаргаж, “Хойд эх”, “Их хааны удам”, “Сийлэн бөөр” зэрэг түүхэн уран сайхны кинонуудад гол болон туслах дүрийг чадварлаг бүтээсэн хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.