2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08 цаг 27 минутад Монгол Улс гурван сая хүн амтай болсон. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин Х.Монголжин бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос зарлаж байсан билээ.
Ташрамд өгүүлэхэд Монгол Улсын нэг сая дахь иргэн 1961 оны аравдугаар сард, хоёр сая дахь иргэн 1988 оны долдугаар сард төрж байв. 1988 онд мэндэлсэн 2 сая дахь иргэнийг Аззаяа хэмээн нэрийдсэн бол 3 сая дахь иргэний ээжийг мөн Аззаяа гэдэг.
Монголчууд айл гэрт шинэ хүн, шинэ хувь заяа мэндэлж “хүү төрвөл хил манах хүнтэй боллоо, охин төрвөл гал манах үртэй боллоо” хэмээн бэлгэшээн угтдаг заншилтай. Монгол Улсын гурван сая дахь иргэн болж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын гэр бүлээс 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 8 цаг 27 минутад Монголжин охин мэндэлсэн. Ийнхүү морин жилийн бариан дээр гурван сая дахь иргэн болон мэндэлж элэг нэгт монголчууд биднийхээ магнайг тэнийлгэсэн Х.Монголжин охин өнөөдөр НАЙМАН НАС хүрч байна.