Монголчуудыг IQ өндөртэй хүмүүс гэж дэлхийгээр нэг магтаж Чингисийн Монгол хэмээдэг. Гэтэл тийнхүү магтуулдаг монголчууд маань сүүлийн үед ёстой ертөнцийн шившиг болж хөгөө хөлдөө чирэхийн үлгэрийг харуулах шиг л болж байна. Хамгийн сүүлийнх нь хөгийн жишээ бол УИХ. Тэд 2- хон хоногийн дотор хууль баталсан нь дэлхийг алмайруулав.
Гадаадынхан “Монголын парламентчид 48 цагийн дотор хууль баталлаа. Тэгэхдээ “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл“ буюу “хохирогчийг хамгаалах, тэр тусмаа хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ” гэж малгайлсан ч харин ч эсрэгээрээ хүний эрх, эрх чөлөөнд бүр ч бүдүүлгээр халдсан байна.
Эрх баригчдын эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн энэ хууль Монголд батлагдсанаар Засгийн тэргүүний хэлсэнтэй эсрэгцэж, авлига авсан нийтийн албан тушаалтныг илрүүлж болохгүй болох нь. Тэгвэл Засгийн газрын тэргүүн “Авлигалчидтай тэмцэнэ гэдэг бараг л өөрөө, өөртэйгөө тэмцэж буйтай адил ч энэ замыг
сонгохоос аргагүй нөхцөл байдал бий болсон. Авлигатай тэмцэж байж улс орон хөгжинө” гэж мэдэгдэж байсан нь ийнхүү талаар болов бололтой.
Нөгөөтэйгүүр уг хуулийн төслийг санаачилсан УИХ-ын Н.Учрал гишүүний “Хүн хогнуудад зориулсан хууль” гэсэн нь шүүмжлэл дагуулж, түүнийг огцрох хангалттай шалтгаан гэж ард иргэдийн зүгээс үзэж байна.
Уг нь энэ хуулийн төслөөс “Ард түмний мэдэх эрхийг бүрэн хангана, цахим орчинд хүний нэр төрийг гутаах явдлыг цэгцэлнэ, хохирогчийг хамгаалж, гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ, цахим сайтуудад шалгуур тавьж албан ёсны, редакцтай сайтуудад давуу байдал олгоно” гэж харж байв. Гэтэл үнэн хэрэгтээ дээр дурдсанаас бүр тэс эсрэгээрээ эргэсэн учраас ард түмэн хилгэнэж эхэлсэн ч уур уцаараа дарж, Улсынхаа ерөнхийлөгчид л итгэн хүлээж байна. “Н.Учрал гишүүний энэ хууль-“ийг цуцлахыг хүсч 1100 гаруй хүн цахимаар гарын үсэг цуглуулаад байгаа бол цаашид энэ тоо өсөх хандлагатай байна.