Нүүрсний хулгайн асуудал өндрөө авч, ард түмэн Сүхбаатарын талбайд арав дахь өдрөө жагсаж байна. Орон нутгийн иргэд ч төв талбай дээрээ жагсаж, үзэл бодлоо илэрхийлсээр. Хилийн чанадад байгаа монголчууд ч бас. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал иргэдээ дэмжин аймагт нь болж буй жагсаалд нэгджээ.
Энэ үеэрээ тэрбээр “Засаг дарга биш иргэн хүнийхээ хувьд дэмжиж, энэ үйл ажиллагаа зөв шүү гэдгийг хэлэх гэж ирсэн юм. Төрийн ажил хийж байгаа ч гэсэн хулгайд бухимдаж байна. Тавхан цаас орон нутагт хуваарилаад, хөрөнгө оруулалт хийх гээд зүдэрч байхад тэнд тийм том хулгай байна гэхээр бухимдал төрөлгүй яахав. Хулгайн эсрэг тэмцэж байгаа та бүхний тэмцэлд 100 хувь санал нэг, дэмжиж байна. Орон нутгийн зүгээс та нарын шаардлага байдаг бол хамтраад ажиллахад бэлэн байгаа” хэмээжээ.