Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулиа төлөөгүй автомашинууд хөдөлгөөнд оролцсоор байгааг шүүмжлэх иргэд олон байдаг. 2015 онд торгуулийг цахимаар тооцож эхэлснээс хойш 2022 оны наймдугаар сарын байдлаар нийт 3,424,971 удаагийн зөрчилд 81 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ.
Гэвч үүнээс 2,305,153 удаагийн торгуулийн 47.9 тэрбум төгрөг төлөгдөж, 33 тэрбум төгрөгийн торгууль буюу 41% нь төлөгдөөгүй байна. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар 36 цогц арга хэмжээ хэрэгжүүлж байгаагийн нэг нь Замын хөдөлгөөний ухаалаг систем. Тэгвэл уг системийгнэвтрүүлснээр торгуультай машинуудыг хянах боломж бүрдэж эхэлжээ. Мөн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох ажлыг 2023 оны нэгдүгээр сарын 1‐н гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Энэхүү хоёр цахимжилтын үр дүнд торгуулийг дараах байдлаар шийднэ гэж тооцоолжээ.
Дүрэм зөрчсөн жолоочид
- Хугацаатай сануулга өгнө
- Торгох арга хэмжээ авна
- Ачна
Гурав дахь шатны хариуцлага тооцуулсан буюу автомашинаа ачуулсан жолооч машинаа журмын хашаанаас гаргаж авахын тулд өөрийн нэр дээрх бүх торгуулийг төлж, машины үзлэг оношилгоонд орж, тээврийн хэрэгслийн ямар нэгэн зөрчилгүй болсон байх шаардлага тавих юм байна.
Зам тээврийн ухаалаг системийг хэрэгжүүлэх хүрээнд Энхтайваны өргөн чөлөөнд 21 цэг дээр байсан хуучин камеруудыг бүрэн шинэчилж, камер бүхий цэгийн тоог 44 болгон нэмэгдүүлнэ.
Мөн нийслэлийн авто замын 161 уулзварт камер байршуулахын зэрэгцээ Удирдлага хяналтын системийг төвийн зургаан дүүрэгт нэвтрүүлэхээр төлөвлөжээ. 22 тэрбум төгрөгийн өртөг бүхий эдгээр ажлыг хийснээр хүний хүчин зүйлээр хийдэг байсан тээврийн цагдаагийн ажлыг цахимжуулж, төлбөрийн бүхий л хэлбэр мөн цахим болно гэх тайлбарыг албаныхан өгч байна.