Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ) нэр бүхий есөн банканд зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоох, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зөрчлийн үр дагаврыг арилгахыг тус тус даалгаж, 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” албан даалгавар хүргүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрөв. ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунаас банкуудад хүргүүлсэн албан даалгаврын хариу ирсэн эсэх талаар тодрууллаа.
Тэрбээр хэлэхдээ “Банк зээл олгож, нэг хувийн шимтгэл авч байгаа нь хууль зөрчиж байна гэдэг үүднээс манай байгууллагаас есөн банканд торгуулийн арга хэмжээ авсан. 30 хоногийн хугацаатай албан даалгавар өгсөн. Энэ даалгаврыг наймдугаар сарын 12-нд хүргүүлсэн. Ирэх есдүгээр сарын 12 гэхэд банкууд зөрчлөө арилгаж, авсан арга хэмжээнийхээ тухай болон торгуулийн шийтгэлээ төлсөн тухай мэдээллээ бидэнд хүргүүлэх ёстой. Хэрвээ ямар нэг байдлаар албан даалгавар, албан шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн журмаар бёуюу шүүхээр албадан гүйцэтгүүлнэ гэдгээ албан шаардлагадаа мэдэгдсэн” гэв.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны зургадугаар сарын 15-ны өдөр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК, “Аригбанк” ХХК, “Чингисхаан банк” ХХК, “ХААН банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хасбанк” ХХК, “Богдбанк” ХК, “Голомтбанк” ХХК, “Капитронбанк” ХК, “Төрийн банк” ХХК-уудад холбогдох 2202000183 дугаартай хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг 2022 оны наймдугаар сарын 12-ны өдөр хийжээ.
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч 11 банкнаас зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэл нь тухайн зээлдэгчид зарцуулагдаж буй эсэх талаар шалгахад зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагаануудыг хийхэд гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон нөхцөл байдал илэрсэн аж.
ШӨХТГ-аас энэ нь орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоолгүйгээр, зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчсөн. Мөн хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзжээ.
Иймд “Аригбанк” ХХК, “ХААН банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хасбанк” ХХК, “Богдбанк” ХК, “Голомтбанк” ХХК, “Капитронбанк” ХК, “Төрийн банк” ХХК-иудын хууль зөрчсөн үйлдэлд тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.