УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай” хууль санаачилж, үүндээ олон нийтийн саналыг авч байна. Тэр зургадугаар сарын 8-нд тус хуулийн төслийг эхийг Lawforum.parliament.mn сайтад байршуулжээ.
Энэ хуульдаа: Аливаа төрийн өмчит компани, үйлдвэр, газар болон төрийн бус байгууллагын ажилтнууд хийгээд гадаадын иргэдийг хамааруулж авч үзэхгүй гэж тусгажээ.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ИНГЭЖ ДЭМЖИНЭ
Уг хуулийн төслийн 5 дугаар зүйлд “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихэд баримтлах зарчим” хэсэг байна.
Үүнд:
5.1.1. тодорхой салбар дахь хүйсийн тэгш бус төлөөллийг тэнцвэржүүлэхэд түлхэц өгөхүйц дэмжлэг үзүүлэх
5.1.2. аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хангах
5.1.3. аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдэд үзүүлж буй аливаа дэмжлэг ил тод, нээлттэй байх
5.1.4. аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоонд тулгуурлах
5.1.5. эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр эрхлэлтийг бууруулах бодлого баримтлах гэж заажээ.
Мөн хоёрдугаар бүлэг, төрөөс аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлд баримтлах зарчмуудын нэгэнд буюу 6.1.2-т “Санхүүгийн дэмжлэгийг тэргүүн ээлжид хүртэх боломж бий болгох” хэмээсэн нь анхаарал татна.
БӨӨРӨНХИЙ ЗААЛТТАЙ, ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ ПОПУЛИСТ ХУУЛЬ
Мөн тус хуулийн 10.1-т “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 10.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус зааж, хариуцлагажуулжээ.
Хуулийн төслийг бүхлээр нь уншиж үзэхэд яг эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд бодитой гарц гаргалгаа, хууль эрх зүйн орчин бий болгосон шинж төдийлөн бага. Бөөрөнхий, ерөнхий заалтууд. Нөгөө талаар энэ нь УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн эмэгтэйчүүдэд таалагдах популист нэгэн оролдлого болж харагдах юм.
Г.САНСАРМАА