УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр 07:00-22:00 цагийн хооронд Хэнтий аймаг, СХД-т болсон. Энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүслээ. Нөхөн сонгуулийн дараа ХҮН-ийн дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийв.
Тэрбээр, Өчигдрийн нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялсан ч гэсэн хоёрдугаарт ХҮН намын нэр дэвшигч Б.Найдалаа орлоо. Гуравдугаарт нэгдэж нийлсэн АН буюу Э.Бат-Үүл баатар орлоо. Иргэд хоёрдугаарт ХҮН намыг тавилаа.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН намаас нэр дэвшигч Д.Энхбат 20 гаруй хувь, АН-ын нэр дэвшигч 6 хувийн санал авсан. Гэтэл АН-ынхан ХҮН нам манай саналыг хувааж байна гэсэн. ХҮН санал хуваагаагүй. Иргэдийн дэмжлэгийг авсан улс төрийн хоёр дахь хүчин бол ХҮН юм гэдгийг сүүлийн хоёр сонгуулиар иргэд баталгаажуулж өглөө гэв.
СЕХ: Нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд зохион байгуулна
Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд буюу Бямба гарагт зохион байгуулахаар болсон талаар СЕХ-ноос мэдээллээ.
УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр 07:00-22:00 цагийн хооронд Хэнтий аймаг, СХД-т болсон. Энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүссэн.
Тус хоёр тойрогт нийт 148 хэсгийн хороо байгаагаас зөвхөн 17 хэсгийн хороонд сонгогчдын ирц хүрсэн байна. Ингэснээр 131 хэсгийн хороонд нэмэлт санал хураалт явуулах юм.
Үүнтэй холбогдуулан өнөө өглөө СЕХ хуралдаж, сонгуулийн ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах товыг тогтжээ.
Харин нэмэлт санал хураалтын зардлын тухайд СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Хоёр тойргийн сонгуулийн нийт зардал 2.2 тэрбум төгрөг. Үүнээс СЕХ-ны шууд зарцуулах төсөв нь 1.8 тэрбум төгрөг. Тэгэхээр нөхөн сонгуулийн зардалдаа багтааж нэмэлт санал хураалтыг зохион байгуулна” гэлээ.