Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх М.Бадарч допинг хэрэглэсэн нь эцэслэн тогтоогдсон.
Үүгээр түүний цолыг хурааж, унасан бөхчүүдэд цол нөхөн олгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан.
Улмаар өнөөдөр (2024.06.17) Шадар сайд, Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимэг нөхөн олголоо.
Энэ хүрээнд:
- Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин
- Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага
- Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан
- Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан
- Улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг, цол тус тус нөхөн олголоо.
Тэдний байр суурийг авлаа. Олонх нь энэ жил заалны барилдаануудад явцын шинжилгээ аваагүйг шүүмжилж байна. Өмнөх жилүүдэд авдаг байсан.
Тодруулбал, явцын шинжилгээ авах хүсэлтийг МҮБХ-ноос Допингийн эсрэг үндэсний төвд тавьдаг. Үндэсний их баяр наадмын хувьд хүсэлт шаардлагагүй, хуулийн дагуу шууд ажиллана. Харин энэ жил МҮБХ-ны дарга Ц.Магалжав явцын шинжилгээ авхуулах хүсэлт огт гаргаагүй нь шүүмжлэл дагуулсаар буй.
Улсын аварга О.Хангай:
Наймын даваанд тулсан бөхөөс маань сэргээш илэрсэн. Иймд давсанд тооцож, Үлэмж бадрах чимгээ нөхөн авлаа. Цаашид үндэсний өв соёл маань бүү сэвтээсэй гэж хүсэж байна. Үндэсний өв соёл, эрийн гурван наадам бол тусгаар тогтнолын нэг хэсэг. Хэдэн зуун жилийн дараа ч өв соёлоороо бусдаас ялгарна. Энэ бол хэдэн бөхчүүдийн асуудал биш. Хамгаалж дээдэлж, хойч үедээ цэвэр ариунаар өвлүүлж яваасай гэж хүсэж байна. Бүх үйл явц хуулийн дагуу шийдэгдлээ гэж ойлгож байна.
Улсын арслан Ц.Бямба-Отгон:
Даваад цолоо авсан бол сайхан байлгүй яах вэ. Өнөөдөр Үндэсний бөхийг хамгийн муухай харагдуулж буй зүйл бол допинг. Бөхчүүдийн ихэнх нь эсэргүүцдэг. Төр засаг ийм шийдвэр гаргасанд би гэхгүй бөхчүүдэд томоохон итгэл найдвар бөгөөд үлгэр дуурайл гэж бодож байна. Анх аймгийн заан байхдаа шинжилгээ өгч үзсэн. Олны дунд шинжилгээтэй холбоотой хардлага, сэрдлэг бий. Анх шинжилгээ өгөхдөө гүтгүүлэх вий гэсэн айдастай байсан. Удаа дараа хариу зөв гарсан учраас одоо үргэлж итгэлтэй байдаг. Энэ жилийн хувьд явцын шинжилгээ авсангүй. Уг нь хавар, намартаа шинжилгээ аваад явчихвал зүгээр. Төр түмний маань наадам цэвэр болох боломж бол мэдээж хэрэг хавар, намрын явцын шинжилгээ гэж харж байна. Бэлтгэлдээ өнөөдрөөс гарч байна.
Улсын заан С.Сүхбат:
Допинг бол хүмүүсийн хөдөлмөрийг дээрэмдэн авч буй хэрэг. Цаашид хууль дүрмээ сайжруулаад явах нь зөв гэж бодож байна. Намраас явцын шинжилгээ аваад эхэлбэл допингийн асуудал багасах байх. Явцын шинжилгээ авахгүй болохоор л хэрэглээд байгаа. Наадмаас өмнө шинжлээд байвал зөв болов уу.
Улсын харцага Э.Даш:
Харцага цол хүртсэнээр эрэмбэ дээшилж буй. Удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэндийг ард түмэндээ хүргэе. Тухайн үед яах аргагүй түрүү бөхдөө унасан. Түрүү бөхдөө уналаа л гэж бодсоноос, ийм зүйл болно гэж мэдээгүй.
Үнэн худал нь мэдэгдэхгүй өв соёлыг харлуулах гэсэн яриа явдаг. Арай ч муу муухай юм болдоггүй байх гэсэн итгэлтэй явдаг. Өнөөдрөөс бэлтгэлдээ гарч байна. Түрүү жил явцын шинжилгээ авч байсан. Энэ жил авахгүй явсаар баяр наадамтайгаа золгож байна. Болдог бол өмнө нь явцын шинжилгээ авч байвал зүгээр гэж хувьдаа боддог.
Улсын начин Б.Баянмөнх:
Цаашид цолдоо эзэн болж барилдахыг хүсэж байна. Даваад цолоо авсан бол зургаагийн даваанд үзнэ. Цаашаа яаж ч барилдах байсан юм билээ. Сэтгэл санаан ч өөр тусах байсан шиг. Энэ хүртэл Аймгийн арслан цолоороо барилдлаа. Улсын цол аваад барилдсан бол оноолт таарах бөхчүүд өөр. Барилдаад үзчих боломж гарах байлаа. Хэдий оройтсон ч улсын цол авсандаа баяртай байна. М.Бадарчтай өмнө нь барилдаж, давж байсны хувьд боломжийн өрсөлдөгч гэж ойлгож байсан. Тэгж хөөрч алдаа гаргасан ч тал бий. Надад бодож санасан зүйл байхгүй ээ. Зааланд олон унасан, түүнийхээ даагыг нэхье гэж намайг амлаж авсан байх аа.
Discussion about this post