Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Б. Буджаргалд гавъяат тамирчин цол олгохоор болжээ. Танд сонирхуулах үүднээс түүний талаар эрхэм анд ‘Эрхэт монгол’ группийн захирал Х.Мандахбаярын бичсэн бичиглэлийг хүргэж байна. Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаж буй хэт холын зайн тамирчин Буджаргалын талаар түүнээс илүү ингэж тодорхой бичиглэх хүн алга болов уу. Таалан болгооно уу.
За Б.Буджаргал маань сүүлийн 24 цагийн гүйлтээ эхлүүллээ дээ. Сүүлийн өдөр 24 цагийн гүйлтийн тамирчид талбай дээр нэмэгдэж гарч ирлээ. Манай тамирчин тэргүүлсэн хэвээр гүйж байгааг дуулгахад таатай байна. Арын тамирчнаасаа 120 км тасарсан. Ингээд та бүхэнд Б.Буджаргалынхаа талаар, хувь хүнийх нь талаар багахан мэдээлэл хүргэе. Урт гэж залхууралгүй уншиж дуусгахыг хүсье!

Буджаргал гэдэг залуу гэнэт л гүйгээд эхэлсэн, олон тэмцээнд гүйлээ л гэсэн, өвдөж зовлоо л гэсэн, туйлдлаа л гэсэн. Тэр үеэс энэ ер нь ямар хүн хаана, юу хийгээд байна вэ гэж сая л монголчууд бид анхаарлаа хандуулсан.
Би Б.Буджаргалын нэг нутгийн багын найзуудынх нь нэг. 2002 оноос бид нөхөрлөж байна. Гял цал, сайхан амьдрал Буджад маань байгаагүй. Нэлээд багадаа ааваасаа өнчирч, хэдэн дүүтэйгээ, ээжтэйгээ хоцорсон. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, жирийн малчны хүүхэд. Багадаа жижиг, туранхай биетэй ч спортод их дуртай хүүхэд байсан. Б.Буджаргал надаас 4 дүү. 1982 онд төрсөн. Одоо 38 настай хүн. Дунд сургуульд байхдаа 100, 200, 500, 1000, 5000 метрийн зайн гүйлтийн тэмцээнд оролцдог, амжилт гаргадаг хүүхэд байж. Оюутан болоод спортоо түр орхисон. Нийгмийн чиг баримжаатай ажлууд хийж байсан. Монголын буддист залуучуудын холбоо, Өмнөговийн хөгжлийг дэмжих сан зэргийг байгуулан ажиллаж байсан. Та бүхэн санаж байгаа бол том дарга нарын өрөөнд алтан шар соёмбо залаастай байдаг. “Шүтээн соёмбо сан” гэж хүртэл байгуулж, тэр бадтай соёмбуудыг бүтээж байлаа. Б.Буджаргал энэ мэтээр олон зүйлийг хийж байсан. Гэхдээ түүний амьдралд алдаатай, оноотой, уруудан доройтсон, унаж боссон олон үе байсныг найзын хувьд мэдэх юм. Хувь хүнийхээ хувьд ч гэсэн үргэлж цагаан дардан яваад, хүний дээд нь байсан гэж хэлэхгүй. Онох үедээ онож, алдах үедээ алдаж л явсан. Энэ амьдралыг хүн яаж туулдаг вэ тэр л жишгээр явж ирсэн залуу. Гэхдээ хүн өнгөрсөнд яаж алдаж оносон гэхээс илүүтэй өнөөдөр юу хийж, ямар сайн сайхан зүйл бүтээж байгаа нь чухал гэж би хувьдаа үздэг. Ингээд мань эр 2008 оны үеэс эхлээд гүйлтийн спорт руу анхаарал тавьж, хичээллэж эхэлсэн. Хөнгөн атлетикийн олон тамирчинд тус дэм хүргэж, дэмжиж, дэмжүүлж ирсэн. 2014 онд анх удаа энэ олон өдрийн гүйлтэд оролцож амжилтынхаа салхийг хагалж байсан. Будын нэг сонин зан бол маш их тэвчээртэй. Хүн загнаж байна, доромжилж байна, занаж байна, магтаж байна гэж бодохгүй. Алийг нь ч тоодоггүй, тийм л хүн. Өөрийнхөөрөө байдаг. Хувь хүний тэр онцлог гэх юм уу, тэвчээртэй тийм байдал нь олон хүнд гайхагддаг. Энэ яс чанар нь ч бас хэт холын зайн гүйлтээр хичээллэхэд нөлөө үзүүлдэг байх.

Хэт холын зайн олон өдрийн гүйлтийн энэ төрөлд өөр ямар ч Монгол хүн үзүүлж чадаагүй амжилтыг Б.Буджаргал маань одоогоор үзүүлээд байна. Хэдийгээр хөнгөн атлетик, гүйлтийн олон төрөл, ойрын болон холын зай, марафоны олон холбоо, тэмцээн байдаг ч яг энэ олон өдрийн гүйлтээр хичээллэдэг хүн Монголд байтугай дэлхийд цөөхөн юм байна. Учир нь бүх зүйлээ золиосолдог. Эрүүл мэнд, гэр бүл, хөрөнгө санхүү, залуу нас гээд бүхнийг зольж гэмээнэ энэ төрөлд амжилт үзүүлнэ. Хэт холын зайн гүйлтийн бол экстрим төрлийн спортдоо багтдаг. Ер нь экстрим спортын тамирчид бусдаасаа илүү том золиос гаргаж байж л амжилтанд хүрдэг шүү дээ. Нэг хэсэг Буджаргалын ажил, бизнес нь сайхан болоод хувь хүнийхээ хувьд сайхан амьдарчих боломж түүнд байсан. Гэвч мань эр энэ спортын хатуу замыг сонгосноор хөрөнгө санхүү, бүх зүйлээ зориулсан. Бизнесийн хувьд тэг заасан. Өр зээл рүү ч сүүлдээ орсон. Гэр бүл ч зохиож амжаагүй хүн шүү дээ. Найзын хувьд чадах чинээгээрээ дэмжих юм. Гэхдээ аливаа зүйлд боломж нөхцөл хязгаарлагдмал байдаг учраас Будын тэмцээн бүрийн зардал, амьдралын өртгийг санхүүжүүлэхэд бэрх. Чин үнэнийг хэлэхэд Буджаргалын гар утасны дугаар, байр, машин нь зээлийн барьцаанд л байгаа даа. Гашуун боловч үнэн нь энэ юм. Бэрхшээлийг сөрөөд, амжилтандаа зориод явж байгаа найзын маань зорилго биелнэ гэдэгт би итгэдэг.
Цар тахлын өдрүүд таарсан ч гэсэн Буджаргалаараа бахархаж, энэ хүний хичээл зүтгэлийг ойлгож, олон хүн сэтгэлийн дэм үзүүлж байгааг харлаа, өөрөө гүйж байгаа юм шиг хэдэн өдөр баярлаж бахадлаа. Хамгийн их баяртай зүйл миний хувьд энэ байна. Хүн бол урмын амьтан билээ. Хамгийн гол нь Буджаргалыг маань олон хүн юуны төлөө гүйгээд байгааг нь ойлгож, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр залгаж, утсаар ярьж, урам өгсөнд баяртай байна.
Нэг зүйлийг дахин дурьдах ёстой. Монголын хэт холын зайн гүйлтийн холбооны тэргүүн Д.Цэрэндулам гэж бүсгүй Буджаргалыг сүүлийн хоёр жил тууштай дэмжиж, өөрийн төрсөн дүү шиг тусалж ирсэн юм. Өөрийн бизнесийн орлого мөнгөнөөс, өөрийнхөө гэрийн санхүүгээс Буджаргалдаа зориулаад зүтгэж байгааг хажуугаас нь хараад их баярладаг.
Цаг заваа гаргаад Буджаргалын арын албанд ажиллаж байгаа Америкт байгаа монголчууддаа баярлалаа. “Эрхэт Монгол” медиа группийн сэтгүүлч, ажилтнууддаа баярлалаа.
Буджаргал одоо 24 цагийн дараа барианд орно. Тэмцээний үр дүн харах сайхан. Үүний цаана нэг зүйлийг олж хараасай гэж хүсэх байна. Монгол Улсыг дэлхийд сурталчилна гэдэг монгол хүн бүрийн үйлс мөн. Өөрт байгаа давуу талаар, дэлхийд монгол хүний онцлогийг харуулсан зүйлээр, тийм амжилтаар, ямар нэгэн үйл явдлаар дамжуулж Монгол Улсаа өөр өөрсдийн чаддаг зүйлээр сурталчилж явах ёстой. Буджаргал маань иргэнийхээ үүргийг маш томоор биелүүллээ. Одоо энэ хүнийг төр засаг маань харж үзээд, өөрийнх нь гаргасан хөдөлмөрийг, спортынх нь амжилтыг бодитойгоор үнэлчихээсэй билээ гэж хүсэж байна.
Буддаа амжилт хүсье. Монголчуудаа урагшаа. Хамтдаа ялна аа. Хамтдаа түрүүлнэ ээ. Монгол хүн ямар тэсвэр тэвчээртэйг, Монгол Улс ямар агуу түүхтэй улс вэ гэдгийг дэлхийд та бид хамтдаа хичээж байж тунхаглана. Буджаргалын маань санасан, зорьсон бүхэн биелэх болтугай. Дараа дараагийн тэмцээн, уралдаанд нь улам их өндөр амжилтыг хүсэн ерөөе. Хэзээ нэгэн өдөр Монголын хүү Б.Буджаргал хэт холын зайн гүйлтийн дэлхийн рекордыг эзэмшинэ гэдэгт огтхон ч эргэлздэггүй хүмүүсийн нэг нь би байна. 6 өдөр, 6 шөнийн гүйлт, 10 өдөр, 10 шөнийн гүйлт гээд хүний санаанд багтамгүй энэ спортын төрөлд сэтгэлийн хат, бие бялдар, оюуны тэсвэр тэвчээр, хувийн сахилга бат гээд олон зүйлийг өөрөөсөө шаардаж гаргаж байж амжилт үзүүлдэг юм байна. Бид бие биенийхээ амжилтаар, алдар гавьяагаар бахархаж явах учиртай. Монголчууд бид чадна аа. Манай Б.Буджаргал дахиад аварга болно. Дараа дараачийн олон тэмцээн түүнийг хүлээж байна. Тамирчнаа дэмжээд өгөөрэй монголчуудаа. Уухай уухай уухай!!













