Төв талбайн жагсаалд нэгдсэн иргэдэд нийслэлээс эрүүл мэндэд нь эрсдэл учрахаас сэргийлж, ая тухтай байдлыг бий болгохоор Соёлын төв өргөөнд байрлуулах болсон. Ингэхдээ үйл ажиллагаа явуулах түр штаб, амралтын болон аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаа нарын гэсэн зориулалтаар гурван өрөө суллаж өгсөн.
Гэвч иргэд тэнд эмх замбараагүй байдал үүсгэн орчныг бохирдуулж, хориод иргэн тогтмол, 40-60 хүн шөнөдөө хоноглож, тус газрын үйлчилгээний ажилчдын ачааллыг нэмэгдүүлэх зэргээр хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэжээ.
Тийм учраас СТӨ-нөөс НЗДТГ руу хүсэлт гаргаснаар жагсагчид гэр, гэртээ харьжээ.
Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ирүүлсэн хүсэлтийн дагуу Соёлын төв өргөө /СТӨ/-ний гурван өрөөг ашиглуулахаар болсон билээ. Тодруулбал хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд СТӨ-ний нэг өрөөнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бол, нэг өрөөнд цагдаагийн алба хаагч нар байрлаж, аюулгүй байдлыг нь хангана.













