Яг одоогийн байдлаар Дэнжийн 1000, Хүчит шонхор худалдааны төвд оочер дараалал хэт ихэсч махны үнэ огцом өсчээ. Цар тахал дэлхийг хамарснаас хойш Монгол улс дотооддоо алдалгүй үлсэн бараг л ганц орон байсан цаг ард хоцорлоо. Эрүүл мэндийн ажилтнууд, холбогдох төрийн байгууллагууд цаг наргүй зүтгэсний хүчинд бид дэлхийд магтуулж Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас баяр хүргэж байлаа. Байлаа гэдэг үгийн учир нь олон улсын ачаа тээврийн жолооч хөл хорионоос гарсан хойноо гэр хорионд байх ёстой байтал эхнэртэйгээ худалдааны төв, УБ Палас гээд хаана хөл хөдөлгөөн ихтэй байна түүгээр явсан нь тогтоогдлоо. Хувь хүний бусдынхаа амь нас, эрүүл мэндийг бодон гэртээ байх ёстой атал ийн Улаанбаатар хотод ‘бөмбөг дэлбэлж’ орхилоо. Улсын онцгой комисс хот руу мах оруулахыг хориглоно тийм учраас махны хомсдол удахгүй үүснэ хэмээн хүмүүс хүнсний захад багталцахаа больтолоо цугларлаа. Одоогоор үхрийн мах 1кг нь 16000 төгрөг болтлоо огцом өссөн байна.
Цар тахалын эхэн үед хөл хорионы сургаар дэлгүүр хоршоо, зах, худалдааны төвүүдийн лангууг манайхан хүнсний хомсдол үүснэ гэдэг цуу ярианд итгэн хуу хоосолж байсан юм. Одоо дотооддоо цар тахалыг алдсан үед ‘зовлон ихэсхэд лам баяждаг, зуд гарахад нохой зоолдог’ гэдгийн үлгэрээр хүнсний өргөн хэрэглээний бараа нэн ялангуяа мах, гурил будааны ченжүүд үнээ огцом нэмсэн мэдээлэл ирлээ.
Энэ үед эх оронч байж цөөхөн төгрөгний ашиг олохын тулд ард түмнээ шулж болохгүй гэдгийг анхааруулж байна. Мөн ШӨХТГ-аас Хүчит шонхор худалдааны төвийн наймаачдад хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн амны хаалтны үнэ энэ үеэр огцом нэмэгдэх төлөвтэй байна. Эмийн сангуудад мөн шалгалт хийж зориуд хомсдол үүсгэн үнээ нэмсэн бүх үйлчилгээний газрууд, хувь хүнд хатуу хариуцлага тооцож ажиллах хэрэгтэй байна. Үнийн хөөрөгдөл үүсгэсэн аж ахуйн нэгжийг 20 сая төгрөг хүртэл төгрөгөөр торгох хуультай ч ченжүүдийн хэлж буйгаар тэр хуулийг дагах нэг ч хүн гарахгүй байна.













