Өнгөрсөн оноос агаарын бохирдлын эсрэг дорвитой, нүдэнд харагдахуйц арга хэмжээ авч, сайжруулсан шахмал түлшийг нийтээрээ түлэх шийдвэр гаргаснаас хойш түүхий нүүрс түлэх байдал эрс багассан. Үүний ачаар хотын агаарын бохирдол эрс буурсныг хүмүүс дээр, доргүй баталж байна. Энэ бол хэдэн мянган нийслэлийн албан хаагчид, Тавантолгой түлш компанийн залуус, удирдлагын өдөр шөнөгүй 2-3 ээлжээр ажиллаж, зүтгэсний үр дүн. Сайн дээр бид хүлээн зөвшөөрч, магтаж сурах хэрэгтэй юм. Юм бүрийг улстөрийн хэрүүлийн алим болгох гэдэг амиа бодсон зан улстөрийнхөнд одоо ч баттай оршсоор байна.
Өнгөрсөн 7 хоногт УИХ-аар агаарын бохирдлын талаар нээлттэй хэлэлцүүлэг явж буйг ажиглалаа. Өнөө л намаараа талцан бусдын хийснийг яаж ийгээд харлуулах гэж буй дүр зураг харагдлаа. УИХ-н АН-ын бүлгийн дарга Д.Ганбат сайн талыг огт хүлээн зөвшөөрч чадахгүй, эсвэл ойлгохгүй байгаа бололтой. Сайн тал нь УИХ-ын МАН, АН гэлтгүй ихэнх гишүүд агаарын бохирдол буурсныг баталж байна. Зарим гишүүд агаар бохирдолтой, утаатай л байлгах сонирхолтой байгаа юм уу гэж ч ойлгохоор байгаа юм. Үнэндээ өвөл болохоор усны шувууд шиг гэр бүлээ дулаан орон руу нүүлгэчихээд урин дулаан цаг ирэхээр буцаад ирчихдэг төрөөс төрсөн тэрбумнууд шиг биш шүү дээ ард түмэн чинь. Өмнө нь АН-ын засаг барьж байх үед олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн ч түүнийг санаачлан удирдаж явсан дарга нар хувиа борлуулаад хэдэн тэрбум төгрөг туучихсанаасаа болоод эрүүгийн хариуцлага хүлээсэн. Хийе гэвэл арга олдоно хийхгүй гэвэл шалтаг олдоно гэдгийн үлгэрийг энд сануулмаар байгаа юм. Аливаа асуудалд жаахан эрүүл ухаанаар хандах цаг ирсэн. Ингээд ард түмнийхээ эсрэг байр суурьтай яваад байж болохгүй гэж зарим нэг гишүүдэд хатуухан хэлмээр байгаа юм.
Сайжруулсан түлш хэрэглэх гэдэг арга зам нь мэдээж төгс шийдэл бол үнэхээр биш, гэвч бага багаар ингээд зүтгээд байвал бид утаа гэдэг асуудлаас салж эрүүл, сайхан хотод амьдрах цаг удахгүй ирнэ. Засгийн газар нь шахмал түлшээ хортой үйлдвэрлээд ард түмнээ хорлодог юм гэж байхгүй шүү дээ. Үүнийг эрүүл ухаанаар ойлгоод дэмждэггүй юмаа гэхэд худал, харлуулах зүйл ярьж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр муйхарлан яриад явахгүй л баймаар байна.













