Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар /2022.06.15/ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөр салбарын хүмүүст хошууч цол өгч өндөр тэтгэвэр тогтоож байгаа талаар дурьдлаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Д.Загджав даргаас би асуумаар байна. Саяхан дуучин А-Сооl-д хошууч цол өгчихсөн байсан уу үгүй юу? Танайх чинь энэ цолоо яаж өгдөг юм бэ? Д.Загджав даргаа. Хошууч цол гэдэг чинь миний бодохоор их л өндөр цол гэж би ойлгоод байгаа шүү дээ.
Одоо A-Cool хэдэн төгрөгний тэтгэвэрт гарах юм? Хошууч цолонд ажилласан жил байдаггүй юм уу? Та дурын өндөр тэтгэвэрт гаръя гэсэнд нь шууд хурандаа өгөөд хошууч өгөөд байвал татвар төлөгчдийн мөнгө байхгүй болно” гэлээ.
Түүний асуултад хариулж ШШГЕГ-ын дарга Д.Загджав “Бид цэргийн албаны тухай хуулийн дагуу цэргийн цол олгох асуудлыг шийдэж байгаа.
Ер нь шаардлагатай тохиолдолд тусгай мэргэжилтнийг амжилтаар нь цэргийн цолыг хугацаанаас нь өмнө өгөх боломжтой байдаг.
Түүний дагуу цэргийн дуу бүжгийн чуулгын даргаар томилогдсон дуучин Б.Анхбаярт хошууч цол олгосон. Нөгөөтэйгүүр хошууч Б.Анхбаярт хэдэн төгрөгний тэтгэвэр олгох нь тухайн хүний алба хаасан хугацаанаас хамаараад тооцогдох учраас урьдчилан хэлэх боломжгүй байна” гэсэн юм.