Нийслэлийн Ардчилсан намаас “Амаа нээх эрх чөлөөг олго! Дарангуйлагчид огцор” эсэргүүцлийн цуглааныг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд зохион байгуулаа.
Цуглааны талаар Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл “Путиний ташуур намайг ташуурдана гэсэн. Тийм учраас бэлтгэл хангаад би касктай ирлээ. Толгой хамгаалахгүй бол болохгүй. Бид Путиний ташуурыг хугартал тэмцэх болно.
Москвагийн Бээжин гэдэг хүн ганцаараа Путиний ташуур биш. Манай цагдаа, хуулийн байгууллагын удирдлагууд Путиний ташуур болох гэж оролдож байна. Тиймээс тэдгээр хүмүүсийг чөлөөлж, огцруулахаар бид энд цугласан.
Сүүлийн үед цагдаагийн байгууллага залуусын тайван жагсаал цуглаанд халдаж байгааг харахад яг Минск, Москвад болж байгаа үйл явдал шиг харагдаж байгаа. Уг Монгол Улсын иргэн тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй. Өөрөөр хэлбэл, тайван жагсаал, цуглаан хийхэд хориг саад байх ёсгүй. Үүнийг эсэргүүцэж, залуусын барьж, хорьж, гав зүүлгэж байгаа Путиний ташууруудыг огцрох хүртэл бид тэмцэнэ” гэв.
Цуглаанд оролцогчид үзэл бодлоо илэрхийлж, үг хэлж байх үеэр иргэн Х.Бээжин нарын хүмүүс тэднийг эсэргүүцэхээр ирсэн байв. Өмнө нь Ардчилсан намаас зохион байгуулсан “Монголоо Беларусь болгохгүй” уриатай жагсаалын үеэр иргэн Х.Бээжин тус намын гишүүн Д.Сосорбарам руу гурил гэх зүйл цацаж танхайрч байсан билээ.
Энэ удаагийн цуглаанд оролцогчид Х.Бээжин нарыг “Урвагчид зайл” хэмээн хашгирч, хөөж явуулсан.
Улмаар Нийслэлийн Ардчилсан намын гишүүд Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна очиж цуглаанаа үргэлжлүүлэхээр явав.
.
.
.
.
.
.
. 













