УИХ-д 2016 онд шинэ гишүүн болж орж ирэхдээ сэтгүүлчээ л хийж байхгүй энүүгээр л дутав гэж Сү.Батболдын урдуур хойгуур гүйсээр төрийн ордонд ороод суучихдаг арга зальтай л хүүхэн юм даа гэж хэлүүлж байсан Оюунчимэг УИХ-д 4 жил суухдаа чуулган дээр боов идэж байгаад гярхай зурагчдад паппарацдуулж олноо ‘боов’ хочтой болсон. Тэрээр дөрвийн дөрвөн жил суухдаа торойгоод, товойгоод харагдахаар байсангүй. Ямартай ч 2020 оны УИХ-н сонгуулиар МАН-аас эмэгтэйчүүдийн квотын буянаар дахин Саарал ордонд зарлах завшаан түүнд оногдлоо.
Бусад шинэ нялх сэнгүмүүдийгээ бодвол туршлагатай гэж өөрийгөө зарладаг тэрээр шинэ гишүүдээсээ ялгарахаар ямар нэгэн зүйл хийж попрохгүй бол дахиад л элдвээр хэлүүлнэ хэмээн айсан бололтой нийгмийн эмзэг сэдэв болох архидалтыг барьж авсан бололтой. Тэрээр ‘Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах’ хуулийн төсөл санаачилснаа зарлах гэж төрийн ордонд сэтгүүлчдийг цуглуулан сүртэй мэдэгдэл хийлээ. Түүний хийсэн судалгаагаар нийслэлд 1,2 сая хүн тогтмол оршин сууж байна. Гэтэл 6000 орчим архи зарах зөвшөөрөлтэй газар байна. Үүний 95 орчим хувь нь мини маркет, хүнсний дэлгүүрүүд юм байна. Хэтэрхий хяналтгүй архи зарагдаж байна. Тиймээс хөдөө орон нутагт 3000 хүн ам тутамд нэг, нийслэлд 5000 хүн ам тутамд нэг архи борлуулах цэг байлгахаар болгох хууль санаачилж. Барьж авсан сэдэв нь зөв боловч архи борлуулж буй дэлгүүрүүд зөвхөн согтууруулах ундаа бус хүн амын хэрэгцээ шаардлагаар л бүхий л бараа таваараа борлуулж амь амьжиргаагаа залгуулж байгааг ойлгох хэрэгтэй. Ялангуяа цар тахалын үед хүмүүсийн амьжиргаа, орлого хүндэрсэн өнөө үед хувийн хэвшлээр оролдож, хуулиар далайлган цөөрүүлж, бизнесийг нь шахаад эхэлбэл асар их эсэргүүцэлтэй тулгарахыг тэрээр тооцоолоогүй бололтой.
Асуудлыг зөвхөн нэг талаас нь харж болохгүй ялангуяа төрийн түшээ, ард түмнээс сонгогдсон элч хүн Монгол улсынхаа нийт хүн амыг яаж сайхан ажилтай, орлоготой, амар тайван амьдрлууах вэ гэдгийг бодож явах ёстой байхад эрхийг нь цуцална, цөөрүүлнэ гэж попорсноор архидалт багасахгүй л болов уу. Архи борлуулж буй дэлгүүртэй бус архидалттай тэмцэх нь чухал гэдгийг түүнд хатуу хэлье. Үеийн үед энэ асуудал хөндөгддөг байсан. Гавьтай ахиц гараагүй л байна. Гол нь иргэд юуны учир архидаж байгаа вэ гэдэг шалтгааныг сайн ойлгох нь чухал. Ажилтай, амьдрал нь цэгцэрсэн хүн архидахгүй нь лав. Сүүлийн үеийн судалгаагаар зөвхөн эрчүүд биш эмэгтэйчүүдийн архидалт хэрээс хэтэрсэн байна. Бүр 7 хоногт 7 өдөр архидах хэлбэр рүү шилжлээ гэж анхааруулаад байна. Иймээс хувийн хэвшилтэй ноцолдож цаг алдаж байхын оронд арай дөмөгхөн, ухаалаг санаачилга гаргаад ирвэл иргэдийн дэмжлэг авах нь маргаангүй гэж эрхэм гишүүнд зөвлөмөөр санагдлаа.
Хувийн хэвшлийнхэн Оюунчимэг гишүүнтэй гишүүнгүй өөрсдөө хаанаа дэлгүүрээ нээгээд амьдралаа зохицуулаад явахаа мэдсээр ирсэн. Та арай томоор сэтгэж өөр санаа дэвшүүлсэн нь дээр байх. Ийм явцгүй попрол чинь ард түмний нэгэнт дэлбэрэх дөхсөн бухимдал дээр тос асгасантай адил зүйл болно шүү.













