“Токио-2020” паралимпид Монгол Улсын баг тамирчдаас чансаагаараа хоёрдугаарт эрэмбэлэгдэх амжилтыг үзүүлж, жүдо бөхийн +70 кг жинд шагналт тавдугаарт байрын эзэн болоод эх орондоо ирсэн Монголын пара жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Нямаагийн Алтанцэцэг дүүгийнхээ, салхи сийгэсэн, зуны жижигхэн амбаарт зутруухан аж төрж байна.
Тэрбээр төрөлхийн харааны бэрхшээлтэй бөгөөд орчлон ертөнцийг 10 хувь л хардаг. Гэхдээ огт хараагүй бишдээ баярлаж талархаж явдаг нэгэн.

Увс аймгийн Тариалан сумын уугуул, Орхон аймгийн харъяат, Аймгийн хурц арслан н.Нямаагийн охин тэрбээр 10-16 насны гурван хүүхэдтэй. Гэхдээ өөрийн гэсэн орон гэргүй учир хүүхдүүдээ авга эгчдээ үлдээгээд өөрөө Улаанбаатарт бариа засал хийж, бэлтгэлээ хангаж амьдардаг.
Олимпийн бэлтгэлд гарсан байх үедээ бэлтгэлээ тараад харьж явахдаа нохойд уруулж, гараа ноцтой гэмтээсэн нь бүрэн эдгэрээгүй, байнгын зовиуртай болжээ.

Тэрээр Азийн аваргын алтан медалийг эх орондоо анх удаа авчирсан, хөгжлийн бэрхшээлтэй тамирчин эмэгтэй юм. Улсын шигшээ багийн тамирчин Н.Алтанцэцэг нь Азийн паралимп, Дэлхийн аварга шалгаруулах зэрэг тэмцээнүүдэд эх орныхоо нэрийн өмнөөс амжилттай оролцож, алт, хүрэл медалиудыг авчирсан.
Тэмцээнүүдэд оролцохын тулд ээжээрээ тэтгэврийн зээл авахуулж, хашаагаа зарж, зээл авах зэргээр зардлаа гаргаж, улмаар өнөөдрийн байдлаар 16 орчим сая төгрөгийн өртэй болжээ.

Нийгмийн амьдралд хө гжлийн бэр хшээлтэй иргэдийн төлөөлөл болон оролцож, ажиллаж хөдөлмөрлөж, хамгийн гол нь бэрхшээлээ даван гарч, тив дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж яваа тамирчны орон байрны бэрхшээлийг сурвалжлан хүргэсний дагуу түүнийг өөрийн гэсэн орон гэртэй болгохоор хандивын аян өрнүүлэх саналыг олон нийт гаргасан юм. Тэр дагуу Н.Алтанцэцэгээс зөвшөөрөл авч, түүний дансны дугаарыг олон нийтэд хүргэж байна.

Сайхан сэтгэлт түмэн олон та бүхэн өөрийгөө ялж, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа Н.Алтанцэцэгт урам хайрлаж, тусламж үзүүлээрэй.
Хаан банк: 5819 0838 45 – Н.Алтанцэцэг
Эх сурвалж: tsahiur.mn













