Дэлхий дахиныг хамарсан koвид-19 цар тахал Монгол Улсад 2020 оны гуравдугаар сард бүртгэгдсэнээс хойш өвчлөл нэмэгдсээр өнөөдрийн (2021.06.16) байдлаар халдварын тоо 83.112 хүрч, 389 хүн нас бараад байна.
Манай улс цар тахалтай тэмцэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас зөвшөөрсөн эмчилгээг хийхийн зэрэгцээ уламжлалт анагаах ухааны танг хэрэглэж байна.
Тодруулбал Эрүүл мэндийн сайдын 2021 оны тавдугаар сарын А/328 тоот тушаалаар баталсан түр зааварт халдварыг уламжлалт анагаах ухааны онолоор оношлох, эмчлэх түр зааврыг хавсралтаар баталсан. Тухайн хавсралтад заасан Мана-4, Норов-7, Сожид, Сороол-4, Сороол-7, Агар-8, Агар-15 зэрэг танг хэрэглэхээр заажээ.
Халдварын дараа уламжлалт анагаахын танг хэрэглэх нь бие махбодын үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, өвчний урхаг үлдэхээс хамгаалах ач холбогдолтой аж.
Тэгвэл koвидын эмчилгээнд хамгийн түгээмэл хэрэглэж байгаа Мана-4, Норов-7 танг улирал харгалзахгүйгээр том хүн, хүүхэд ялгаагүй өвдөөгүй энгийн үедээ ч хэрэглэж болно гэдгийг уламжлалт анагаах ухааны эмч нар зөвлөж байна.
Энэ хоёр тан нь хүний биеийн бодисын солилцоог сайжруулж, тамир хүчийг тэтгэдэг учир өдөр тутамдаа цай чанаж уухаас гадна өдөрт 1-2 удаа 12-оос доош насны хүүхдэд 1 тунгаар, том хүнд 2 тунгаар 150-200 грамм усанд, эсвэл шимт ясны шөлөнд буцалган ууж болно.
Тангийн нэршилтэй цуг бичигддэг тоо нь тухайн тангийн найрлагад хэдэн төрлийн эмийн ургамал орсны заадаг аж. Тухайлбал Мана-4 танын найрлагад Мана, Лидэр, Гандигар, Гажаа гэсэн ургамал ордог бөгөөд уламжлалт анагаах ухааны 404 төрлийн өвчинд болон аливаа өвчнөөс сэргийлэхэд нэн тустай ажээ. Харин Норов-7 тангийн найрлагад Bитамин С, Цайр, Магни, Селен, Bитамин С зэргийг агуулсан долоон төрлийн эмийн ургамал багтдаг аж.
Тэрбээр мана-4, норов-7 тангийн талаар “Энэ хоёр тан нь халдварт өвчин, ханиад, хижиг зэрэг олон өвчний эсрэг үйлчилгээтэй. Гэртээ байсан ч, эмнэлэгт байсан ч эмчийн зааврын дагуу энэ хоёр танг бусад эмтэй ууж болно. Мана-4, норов-7 тан нь хэдэн мянган жилийн өмнөөс алдартай. Хаад ноёд хэрэглэж ирсэн тан юм. “Манба Дацан” эмийн үйлдвэр цар тахалтай тэмцэхээр өнгөрсөн жил түүхий эдийн татан авалтыг сайн хийж, нийт эмийнхээ 50 хувийг ковидын эмчилгээнд зориулан гаргасан” гэлээ.
Д.Нацагдорж эмч энэ халдвар нь 9, 10, 11 дүгээр сараас арилах замдаа орно гэж үзэж байна. Тэрбээр цар тахлын үед хөл хорионы дэглэмээ сахиж, бие болон сэтгэлээрээ хөлөө тушиж, хэл амаараа хов живийг тэвчиж, уур цухлыг барих хэрэгтэй хэмээн зөвлөлөө.
Уламжлалт анагаах ухаанд уушгины өвчнийг үндсэн 8 ангиллаар авч үздэгээс ханиад /дагшуур ханиад, огшрон ханиах, халдварт/ цайвар хаван, уушгины хатгалгаа зэрэг өвчлөлийн тохиолдол илүүтэй. Эдгээр өвчлөлөөс сэргийлэхийн тулд гэр, ажлын өрөө, анги танхимдаа чийгтэй цэвэрлэгээ хийж, цэвэр агаар сэлгэн, ариутгал хийж, утааны улирал эхэлсэн хотын нөхцөлд агаар цэвэршүүлж, цэвэр агаарт гаран, хүүхдүүдээ агаартай орчинд өсгөх, гарахдаа амны хаалт зүүж, хоол хүнсэндээ шим тэжээлтэй хүнс, амин дэмээр баялаг хүнсний ногоог түлхүү хэрэглэх, шөл, зутан, жимсний шүүс, чанамал, буцалсан халуун аарц зэргийг өдөр тутамдаа, ялангуяа өвлийн улиралд хэрэглэж занших хэрэгтэй аж.
Хэрэв та нэгэнт өвдсөн бол хоол ундандаа адуу, хонины махтай сармистай шөл, бага зэрэг халуун ногоотой шөл, хийцтэй цай, халуун аарц, жимсний шүүс хэрэглэж, хөлөргөх идэвхтэй хөдөлгөөн хийн биеийн хөлсөөр өвчний уурыг гадагшлуулах хэрэгтэй юм.













