Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл гүйж өвөрмөц дээд амжилт тогтоохоор замдаа гарсан билээ.
Тэрбээр зургадугаар сарын 2-ны өдрийн 11.40 цагт Ховд хотынхоо Ард Аюушийн талбайгаас хөдөлжээ. Одоогоор Ховд аймгийн Зэрэг сумын нутаг дэвсгэрт яваа юм байна. Харин түүнийг тосч Баянхонгор аймгаас нэг ахлагч, Өвөрхангай аймгаас нэг ахлагч хамтарч богино зайд гүйхээр болжээ. Мөн Төв аймгийн Лүн сумаас Зэвсэгт хүчинд ажилладаг ахмад настан эмэгтэй хамт гүйх аж. Улаанбаатарт ирэхэд нь Соёмбо сонины нэг офицер хамтрахаар болов. Э.Даваажамц ‘Замд таарсан хүмүүс гар барих, сэлфи хийх зэргээp гүйлтийн темп алдагдуулж байна. Мөн халдвар хамгааллын дэглэмд ч харш учир ийм үйлдэл гаргахгүй байхыг хүсье’ гэжээ.

Э.Даваажамц нь ҮБХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийг 2007 онд хөгжимчин мэргэжлээр дүүргэж, Зэвсэгт хүчний Үлгэр жишээ, Үлээвэр найрал хөгжим болон Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байгаад 2020 онд Зэвсэгт хүчний 123 дугаар ангид томилогдож байжээ.

