Жил жилийн хавар махны үнэ өсдөг. Учир нь махны нийлүүлэлт багассантай холбоотой үнэ өссөн гэдгийг худалдаачид хэлж байна. Ахмадуудын хувьд тэтгэврийн мөнгөөрөө бүтэн хонины мах ч авч хүрэхгүй, хүндхэн байгаагаа учирлан, халаглаж сууна.
Уг нь 66 сая малтай Монголд махны үнэ хамгийн хямд баймаар. Үүнтэй холбоотой ‘Хүчит шонхор’ захад махны үнэ төрлөөсөө хамаарч гурван сарын дотор 1000-2000 төгрөгөөр өсжээ. Монгол Улс өнгөрсөн онд 70 сая мал тоолуулсан байдаг. Үүнийг 3.3 сая хүн амд хуваавал нэг хүнд дунджаар 20 мал буюу нэг хүнд ногдох малын тоогоороо дэлхийд тэргүүлэгч улсын нэг. Гэвч махны ханш жил ирэх тусам хөөрөгдсөөр өнөөдрийн байдлаар дээд цэгтээ хүрсэн нь энэ юм.
Нийслэлийн хамгийн хямд үнэтэй захын нэгд тооцогддог ‘Хүчит шонхор’ захад махны ханш ийм байна. Нэг сарын өмнө төрлөөсөө хамаарч 9000-9500 төгрөгөөр худалдаалагдаж байсан хонины мах өнөөдрийн байдлаар 9800-13500 төгрөг болсон байна. Мөн 11-12 мянган төгрөгийн үнэтэй байсан үхрийн мах төрлөөсөө хамаараад 13-14500 төгрөг, харин цул нь 18 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.













